Дэлхийн хамгийн халуун сэдэв НАТО, ОХУ-ын харилцаа хурцадмал байгаа явдал болоод байна. Зарим шинжээчид дэлхийн гуравдугаар дайн гарч болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж буй юм. Энэ долоо хоногт Пентагоны шинжээч Дэвид Жуберг НАТО Оросын дайн 10-20 хоног үргэлжилнэ. Түүний үр дүнд Оросын удирдлагууд эх орноосоо дайжиж, бид тус улс орны удирдлагыг гартаа авах болно гэсэн утгатай мэдэгдэл хэлснийг Украины хэвлэл мэдээллийн хэрэгсэл иш татан мэдээллэсэн нь дэлхийн анхаарлыг татсаар байна. Оросын ард түмний хувьд ийм утга бүхий мэдэгдлийг өмнө нь 1812, 1941 онуудад ч сонсож байсан талаар ТАСС агентлаг мэдээллэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Америкийн харилцаа муудсан талаар тус улсад зохион байгуулагдсан “Орос урин дуудаж байна” хөрөнгө оруулалтын чуулган дээр үг хэлэхдээ онцолсон байна. Тэрээр “Америктай харилцаа муудсан явдалд Орос санаа зовж байна. Гэхдээ энэ бол манай сонголт биш. Харин ч эсрэгээр. Бид дэлхийн эдийн засгийг тэргүүлдэг агуу орон АНУ-тай найрамдалт харилцаатай байхыг хүсдэг. Гэвч Америкийн өнөөгийн засаг захиргаатай хэл амаа ололцох төвөгтэй, хүндрэлтэй байна. Тэд эхлээд өөрсдөд нь юу хэрэгтэйг мэдэгдээд, дараа нь тэдгээр шаардлагыг нь гүйцэтгэхийг тулгадаг. Яг л дарангуйлагч шиг. Мэдээж, харилцаагаа сайжруулъя гэвэл түншүүд шиг биеэ авч явах ёстой, өөр өөрсдийн ашиг сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын дэд ерөнхийлөч Жозеф Байден “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө АНУ ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авч байгаа талаар мэдэгджээ. Вашингтон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд Оросын хакерууд саад учруулж байгаатай холбоотойгоор Оросын эсрэг хориг арга хэмжээ авах болсныг тайлбарласан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ мэт Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар дээрх чуулганы үеэр хэлэхдээ “Хориг арга хэмжээ дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл, шантааж юм. Хэрэв Орос үүнд бууж өгвөл аль нэгэн орны эдийн засгийн хавсарга төдий л болж хувирна. Хориг арга хэмжээний тусламжтайгаар Оросыг тусгаарлаж чадахгүй. Манай бүх хилийг тойрно гэхэд тэдний мотонөөц, бензин ч хүрэлцэхгүй. Орос шиг ийм гүрнийг яаж тусгаарлах юм бэ? Улс төрийн ашиг сонирхлын үүднээс эдийн засагт хориг тавьж хязгаарлах нь бүх улсад хор хөнөөлтэй” гэж хэлжээ.
“ДЭЛХИЙН III ДАЙН АГААРТ МЭДРЭГДЭЖ БАЙНА”
Цэрэг дайны шинжээчид НАТО ОХУ-ын харилцаа энэ хэвээр үргэлжилвэл дэлхийн III дайн гарч болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Энэ талаар жилийн өмнө буюу Оросын зэвсэгт хүчин Сирийн иргэний дайнд татагдан оролцсоноос хойш шуугиж эхэлсэн билээ. Эдүгээ Сирийн агаарын орон зайд Лалын улс (ISIS)-ын эсрэг цохилт өгч буй Орос болон барууны холбоотны байлдааны онгоцууд хоорондоо мөргөлдөж магадгүй нөхцөл үүсээд байгаа аж.
Оросын агаарын цохилт нь АНУ-ын Тагнуулын төв газрын дэмжиж, сургасан босогчид руу чиглэж байна гэдгийг тус улсын ерөнхийлөгч Ассадын эсрэг тулалдаж буй тэдгээр хүчин мэдээллэж байв. Оросын энэ үйлдэл АНУ-ын хувьд байж боломгүй үйлдэл аж. Нэрээ нууцалсан нэгэн цэргийн шинжээч 30 секунд хүрэхгүй хугацаанд л дэлхийн III дайн дэгдэж магадгүй нөхцөл үүссэн гэж хэлснийг “Daily Record” сонин мэдээллэсэн.
Сирийн агаарын орон зайд дайсагнагч талуудыг дэмжигч, огт өөр зорилготой орнуудын байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужин, нисгэгчгүй төхөөрөмжүүд сүлжилдэж буй энэ үед Оросын “Су-34”, АНУ-ын “F-16” онгоцууд хоорондоо тун ойрхон буюу 20 милийн зайтай зөрсөн тохиолдол гарсан байдаг. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь маш аюултай тохиолдол. Энэ нөхцөлд хоёр онгоц 30 секунд хүрэхгүй хугацаанд мөргөлдөж болох байжээ.
Хэрэв АНУ тэргүүтэй холбоотнууд болон Оросын онгоцуудын хооронд мөргөлдөөн гарвал энэ нь дэлхий нийтийн хувьд, маш аюултай үр дагаварт хүргэх нь тодорхой гэж шинжээчид онцолж буй юм.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Дэлхийн III дайн эхэлж болзошгүй гэж "Комсомольская правда" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрээр ярилцлагадаа “Дайны үнэр үнэртсээр. Дэлхийн III дайн агаарт мэдрэгдэж байна. Энэ нь цэрэг армийн шууд мөргөлдөөн биш, цэргийн ба террорист, улс төрийн бүтцээр явагдаж байна. Сири бол зөвхөн нэг хэсэг нь...
Сири бол тусгаар тогтносон улс, гэтэл Өрнөд хэзээ ч ямар ч орны бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, үүнтэй эвлэрэхгүй байна. Жижигхэн Сири ч, агуу Орос ч ялгаагүй. Тэд яагаад Оростой зөрчилддөг вэ? Яагаад гэвэл Орос орон “тийм”, “үгүй” гэж хэлэх өөрийн эрхээ хамгаалж чаддаг. Сирийн хувьд ч мөн адил. Гэтэл Өрнөд бусдыг өөрийг нь дагаасай гэж хүсдэг.
Орос улс Сири дэх хүчний тэнцвэрийг өөрчилж чадсан, террористуудын эзэлсэн газар нутгийг буцаан авахад тусалсаар байгаа. Гэтэл Америкийн тэргүүлж байгаа эвсэл юу ч хийгээгүй, тэд дүр эсгэдэг. Манай орны удирдлага Орост итгэдэг. Оросын байр суурь ёс суртахуун дээр суурилсан, түүнээс биш ганц ашиг сонирхол хөөдөггүй. Тэд терроризмыг устгахын тулд Сирид тусалж байгааг бид мэднэ, түүнээс биш оронд нь ямар нэг юм хүсээгүй. Ийм л учраас Сирийн Засгийн газар Оросоос тусламж хүссэн юм.
Сири улс хэдэн зуу, мянган жилийн турш Ойрхи Дорнодын геополитикийн бодлогын эх сурвалж байж ирсэн. Сирийг хянах нь фараонууд, бүр Христийн үеэс л маш чухал байсан. Сирийн төлөө фараонууд, хеттууд тулалдсаар ирсэн. Яагаад гэвэл Сири маань Газрын дундад тэнгист ашигтай байрлалтай. Янз бүрийн соёлыг заагласан шугам үүгээр өнгөрдөг. Ийм учраас Сирийн бүс нутгийг бүхэлд нь хянах амин чухал байдаг” хэмээн хэлжээ.
Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна