Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Монгол зэс” компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл босгох замаар худалдан авсан. Сонгуулийн өмнөхөн болсон энэ үйл явцыг хуулийн дагуу явагдсан эсэх асуудалд Засгийн газраас хяналт тавихаар болж, ажлын хэсгийнхэн холбогдох мэдээллүүдийг нягтлан, дүгнэлтээ УИХ-д танилцуулахаар ажиллаж буй юм.
ОХУ-ын “Ростехнология” компаниас 400 сая ам.долларын өртгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь манай улсын хувийн хэвшилд орж ирснээр тус үйлдвэр 100 хувь дотоодын эзэмшилд ороод буй. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед арилжааны банк актив хөрөнгөөсөө давсан эх үүсвэрийг гаргаж, тухайн үеийн нөхцөл байдалд ОХУ-д томоохон тооцогдох наймаа үсэргэсэн нь “Санхүүжилтийн ард гадны томоохон компани байгаа юу” гэх хардлага төрүүлж байгаа юм.
Нөгөө талаас өмнөх Сангийн сайдын “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг томилсон хийгээд компанийн дүрмийг баталсан тушаалыг засгийн газраас хүчингүй болгосноор удирдлагын механизмд дахин өөрчлөлт орох нь тодорхой болоод байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй” гэж тодотгосон нь Засгийн газрын зүгээс өгсөн уг асуудлын талаарх хамгийн эерэг мессеж байсан гэж болно.
Ямартай ч Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл явц нэгэнт хийгдчихсэн тул бид дотооддоо учраа олох асуудал хүлээгдэж буй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь манай улсын хувийн хэвшилд шилжсэн нь зөв үү? сэдвийн хүрээнд талуудын байр суурийг дараахь байдлаар хүргэж байна.
“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ АВСАН ХҮМҮҮС УИХ-Д НЭЭЛТТЭЙ
СОНСГОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Ц.Элбэгдорж: -“Эрдэнэт”-ийн асуудлыг ингэж шийдэж байгаа нь хоёр орны харилцаа хамгийн сайн түвшинд байгааг харуулж байна. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр. Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авсан бүх хүн УИХ дээр очоод нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Хуйвалдсан гэж байгаа бол тэр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, бүх бичиг баримтыг ил болго. Засгийн газар их удаан байна. Энэ асуудлыг томилогдоод маргааш нь хийх ёстой байсан. Би “Эрдэнэт”-ийн асуудал дээр УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгохоо болих хэрэгтэй.
-ХУВЬЧЛАЛ БОЛООГҮЙ, ХУДАЛДАН АВАЛТ БОЛСОН-
М.Мөнхбаатар (“Монголын зэс” корпорацnaн ТУЗ-ийн дарга): -Засгийн газар хоорондын гэрээ болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр Оросын тал 49 хувиа худалдаж авахыг эхлээд Монгол Улсын Засгийн газарт санал болгоно. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авахгүй гэвэл гуравдагч этгээдэд санал болгох ёстой. Энэ бүх процесс болсны дараа бид хувьцаа худалдаж авах өрсөлдөөнд оролцох эрхтэй болсон. Түүнээс бус Монгол Улсын Засгийн газар худалдаж авах, эс саналаа илэрхийлээгүй байхад, эсвэл Засгийн газар худалдаж авна гээд байхад бид өмнүүр нь ороогүй. “Эрдэнэт” үйлдвэр 200-гаад сая долларын өр төлбөртэй, нөөц шавхагдаж байгаа гээд тоочоод байвал хүн баярлахаар зүйл ховор байна. Үнэнийг хэлэхэд сонгууль хурдан дуусаж бидэнд ажил хийх боломж олгоосой гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэрт хувьчлал болоогүй худалдан авалт болсон. Төрийн 51 хувиас томилогдсон гүйцэтгэх захирал нь ажлаа хийж л байгаа шүү дээ. Олон улсын зохистой засаглалын стандартаар ТУЗ-ыг 49 хувийн төлөөлөл удирдах нь сайн засаглалд тооцогддог нь маргаангүй үнэн. Төрийн өмчит компанийн үр өгөөж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүсэл үнэхээр байгаа бол компанийн менежментийг ч бидэнд өгөх нь буруу зүйл биш.
-МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 30, 40 ЖИЛ ТЭЖЭЭСЭН
ҮЙЛДВЭРИЙГ ХУВИЙН БОЛГОЖ БАЙНА-
Ц.Нямдорж (/УИХ-ын дэд дарга): -"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. ТУЗ-ийн хурал болоод зургадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ийн зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод "Эрдэнэт" үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна.“Эрдэнэт” дээр явагдсан луйврыг би цаашдаа ч тэвчиж чадахгүй. Үүнийхээ л дагуу л ажиллаж байна. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Монгол төр оршин тогтнох уу гэдэг асуудал энд яригдаж байна. Хэсэг бүлэг хүмүүс далдуур хуйвалдаж, Монголын ард түмнийг 30,40 жил тэжээсэн ганц үйлдвэрийг сонгуулиар далимдуулж, хувийн болгож байна.
-БҮХ ЗҮЙЛ ИЛ ТОД БАЙГАА-
О.Орхон(Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал): -“Манай банкаар дамжуулан гаднаас “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн. Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Дахин хэлэхэд бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа.
-ТӨР 51 ХУВИЙН ЭЗЭМШЛИЙНХЭЭ ДАГУУ ТУЗ-Д ИЛҮҮ
ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОХ ЁСТОЙ
С.Бямбацогт (Хуульзүй, дотоод хэргийн сайд): -Монголын ард түмнийг 38 жил тэжээж, улсын төсөвт 5.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн саалийн үнээгээ зуданд тавиад туучихаж болохгүй. Төр 51 хувийг эзэмшиж байгаа хэрнээ 49 хувийг нь эзэмшиж байгаа талдаа эрх мэдлээ алдаж болохгүй. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явж чадаагүйд л хамаг учир байгаа юм. Тиймээс ч цаашид тодруулах зүйл их байна. Ямар ч байсан төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж, ТУЗ-д ч гүйцэтгэх удирдлагад ч илүү үүрэгтэй оролцох ёстой. Бас “Эрдэнэт” үйлдвэрийн улсад өгдөг өгөөжийг бууруулж болохгүй.
-“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬ ХУВИЙН КОМПАНИД
ОЧСОНД БАЯРТАЙ БАЙНА-
Ч.Отгочулуу: (Эдийн засагч): -ОХУ бол санкцид орчихсон, бэлэн мөнгө хэрэгтэй байгаа орон. Зөвхөн санкциас гадна ОХУ-ын хэрэгжүүлж буй бодлогоос хамаарч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарах асуудлыг хөндсөн. Хойд хөрш сүүлийн жилүүдэд төрийн өмчит кмопаниудаа хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгож байгаа. “Эрдэнэт” үйлдвэр бол нөөц нь шавхагдаж байгаа орд. Хөрөнгө оруулалтаа нөхчихсөн, өгөдөг өгөөжөө ч өгчихсөн. Тэнд байгаа сул, үргүй зардлуудыг бууруулж чадвал ашиг нь илүү дээшлэх боломжтой үйлдвэр. Тийм учраас хувийн компанид 49 хувь нь очсонд баяртай байгаа. Тодорхой сонгон шалгаруулалт хийгдсэн гэж дуулдсан. Эрх бүхий байгууллагууд нь шалгана биз. Энэ асуудлыг улстөржүүлээд, сонгууль бүрээр ашиглах нь буруу.
Эх сурвалж:Medee.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна