Монгол эмэгтэйг зодсон өвөрлөгч Чин Алимусу цагдаад хахууль өгөөд эргээд “матжээ”


“Архорчин найман” компаний захирал Чин овогт Алимусу нь Монголд удсан, монгол эхнэртэй, монголоор ус цас шиг ярьдаг их эр гэнэ. Тэрээр согтуудаа эхнэрийнхээ эгч Г-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулаад өөрөө Баянзүрхийн эрүүлжүүлэхэд “заларсан” байна. Эмэгтэй хүнийг зодож гэмтээсэн хэргийг нь харьялалын дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгахаар болжээ. Алимасу буюу өвөрмонголчуудын дунд Алмааз хэмээн алдаршсан түүнд 99.1 –ээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ нь хөнгөн зүйл анги агаад хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулбал хэргийг хөнгөрүүлсэн журмаар шийддэг. Харин шалгаж байсан байцаагч нь “нутаг буцаана, зүйл анги хүнд, Халхын шорон хэцүү шүү” гэх зэргээр айлгаж 1.5 сая төгрөг нэхжээ. Гэхдээ Алмааз хуулийн байгууллагад танилтайг байцаагч нь мэдсэнгүй. Тэр танил нь өвөрлөгч эрийг эрүүлжүүлэгдсэн байхад нь үнэмлэхээ үзүүлээд гаргаж авсан аж. Гадаадын харъяатын албанд мэдэгдэж хөөж гаргах тухай яриа дэгдмэгц өвөрлөгч өнөөх танил руугаа ярьж “Хятад буцаавал би хэцүүднэ” гэсэнд  “мөнгө төгрөг өгч болохгүй, өөрөө хэрэгт орно шүү” хэмээн анхааруулжээ.

 

Хэд хоногийн дараа ахин залгаж “ховлосонд” хуулийн байгууллагийн танил нь гадаадын иргэний хэргийг шалгаж байгаа байцаагч дарамтлан мөнгө нэхсэн тухай баримтыг холбогдох газарт нь албаны шугмаар тавьсан гэнэ. Харин энэ зуур нэхсэн юмыг нь өгөхөөр шийдсэн Алмааз мөнгө хайж нэлээд явжээ. Чандмань гэдэг өвөрлөгчөөс 500 мянгыг зээлж Ван Юу Хэн гэдэг хятадаас 1.4 сая төгрөг авчээ. Гэсэн ч хуулийн байгууллагийн танил нь мөнгө өгч болохгүй гэдгийг анхааруулсаар байж. Алмааз түүний дэргэд байцаагчтайгаа ярихдаа утсаа чанга яригч дээр нь тавьж сонсгожээ.

 

Байцаагч нь “яасан бэ, юу болж байнаа  хурдлаач ээ” гэхэд нь Алмааз “би яг хүнээс мөнгө авах гээд зогсож байна хөгшөөн” гэхэд нь “за хурдлаарай андаа” гэж хэлээд утсаа тасалсан аж. Уг нь тэрээр байцаагчтайгаа нэлээд дотноссон бололтой байж. Энэ мэт явсаар эцэст нь өвөрлөгч эр байцаагчдаа мөнгө өгөөд тэр дор нь хуулийн байгууллагийн танилдаа хэлжээ. Дотоод хяналтын ажилтнууд Баянзүрхийн цагдаагийн хэлтэсд очиж байцаагчийн өрөөнд үзлэг хийхэд тэрээр эхлээд мөнгө аваагүй гэж байсан ч сүүлдээ гаргаж өгсөн гэнэ. Улмаар түүнийг ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулж ажлаас нь халжээ. Хахууль  өгсөн өвөрлөгч эр ч торгуулийн ял авсан гэнэ.

 

NUUTS.mn