Мэхт мэхэндээ буюу “Голомт” Т.Ганболдыг 10 тэрбумын өрөнд унагах гээд өөрсдөө “шаварт” зоогджээ


Монголын банк санхүүгийн түүхэнд гарч байгаагүй гэмээр ховорхон санхүүгийн операцийг “Голомт” хийх гээд “баасан” дээрээ хальтирсан гэнэ.  Энэ удаад тэдний учраа нь “Востокнефтегаз”-ын эзэн Т.Ганболд байжээ. Энэ баян эр үүнээс гадна асар их өртэй “Алтан Дорнод Монгол”-ыг алдарт жүүд Паушокоос худалдан авсан. Компанийг нь худалдан авсны хувьд бүр өр төлбөр нь толгой дээр нь бууж ирсэн. “Алтан Дорнод”, “Голомт” банкны хооронд “данс дугуйлаагүй” нэгэн тооцоо саяхан болтол явсаар ирсэн нь 2007 оны “Алтандорнод Монгол” болон “Голомт” банкны хооронд байгуулсан АГ0100080003, АГ0100080002, АГ0100080003, АГ0100080004, АГ0100080005 тоот 2, 092 тэрбум иен буюу 31 тэрбум төгрөгийн аккредитивын гэрээ юм. Энэ нь тун маргаантай сэжигтэй санхүүгийн махинааци байсан агаад манай сайт өмнө нь мэдээлж байсан. Дээрхи аккредитивын гэрээний маргаанд эхний удаад банк ялж Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 1033 –р захирамжаар “Алтандорнод Монгол”-оос 31 тэрбумыг гаргаж “Голомт”-д олгохоор шийдвэрлэсэн байсан. Үүнээс гадна аккредитивийн гэрээний барьцаа гээд маш олон үл хөдлөх хөрөнгө, газар, тусгай зөвшөөрөл тавигдсан байсан. Гэтэл тэр бүхэн нь “Алтандорнод Монгол” –ын өмнөх удирдлага С.В.Паушокийн 73 тэрбумын таварыг өрийг барагдуулах ажиллагаанд “тээрэмдэгдэн” засгийн аманд орсон гэнэ.

 

Банкны тухайн үеийн удирдлагууд өөрсдөө өгчихсөн. Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийнхэнтэй хамтран тун шуурхай бас далайцтай ажиллан авч болох бүхнийг өр төлбөрд хамсан. Компаний шинэ удирдлагад төлөх мөнгө байхгүй тул “Голомт”-ын барьцаанд байсан техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хангамжийн Улаанбаатар бааз-ын эд хөрөнгө, 22 000 м.кв талбайтай Нефть хангамжийн баазын эд хөрөнгө, Рашаант дахь Нефть болон хий боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгийг өгчээ. Гайхалтэй нь эдгээр хөрөнгийг хураахад “банк зөвшөөрчээ. Энэ тухайд банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал М.Чингүний 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 09/09 албан тоот, Гүйцэтгэх захирал Г.Ганболдын 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/56 албан тоот зэрэг байдаг аж. Ийнхүү 31 тэрбумын барьцаанд байсан хөрөнгөнүүдийг төрд өгсөн тул банкинд өнөөх Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1033 тоот захирамж л үлдсэн мэт харагдаж байгаа ч үгүй байжээ. Тэд барьцааны хөрөнгөө зүгээр нэг алдаад суух хүмүүс биш гэдэг нь мэдээж тул найдвартай “мэхээ” урьчилаад хийчихсэн.  Барьцаа хөрөнгөө өгөхөөс өмнө банк Т.Ганболдын бас нэг компани “Востокнефтегаз”-д 10,7 тэрбум төгрөгийг  жилийн 12 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлүүлэх гэрээ хийгээд тэр өдрөө л “Алтан Дорнод Монгол”-ын өрөнд суутгаад данснаас нь буцаагаад татчихсан гэнэ.

 

 

Ийнхүү банк нэг өрөө алдсан ч нөгөө зээлээс нь суутгаад авчихжээ. Харин Т.Ганболдын нэг компани нь өргүй гарсан мэт боловч нөгөө компани нь эргээд тэр хэмжээний өрөнд унасан. Бүр 10 тэрбум төгрөгийг шилний цаанаас “долоогоод” л хоцорчээ. Хэн ч зээлийг нь өөр нэг өрөнд нь суутгаж авахыг зөвшөөрөхгүй ч  тухайн үед Т.Ганболд таг дуугай өнгөрөөсөн төдийгүй аваагүй зээлийнхээ хүүнд 660 гаруй сая төгрөг төлсөн. Харин саяхнаас л дуугарч эхэлжээ.  2014 онд түүний гомдлоор шүүх “Алтандорнод Монгол”, Голомт банкны хооронд байгуулсан 2007 оны 31 тэрбумын аккредитивын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож дээр нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 1033 тоот захирамжыг хүчингүй болгожээ. Ингэснээр  “Алтандорнод Монгол” нь тус банкинд төлбөр төлөхгүй болсон. Энэ нь тухайн үед банкинд Бат-Үүлийн хэлдэгээр цунами шиг явдал болсон гэнэ.

 

Удалгүй “Востокнефтегаз” нь шүүхэд 10,7 тэрбумын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль бусаар суутган авсан зээлийн хүүнд төлсөн 660 сая төгрөгийг “Голомт”-оос гаргуулахаар  нэхэмжлэн дараагийн “хариу цохилт”-оо хийжээ.  Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгчид  зээлийг бодитоор олголгүй нэг зээлийн мөнгийг өөр зээлийн өрөнд хөрвүүлэх замаар хаасан нь нэгэнт ил хэрэг тул яах ч аргагүй гэнэ. Бүр анхнаасаа л   “Востокнефтегаз”-д зээл өгөх биш ердөө л “Алтан дорнод Монгол”-ын төлбөрд суутгах далд зорилготой аугаа санхүүгийн ажиллагаа байсан аж. Харин өдгөө “мэхт мэхэндээ” гэгч болоод байна. Хоёр жилийн өмнөхөн “Голомт”-ынхон Т.Ганболдыг чадчихлаа хэмээн инээж байсан бол одоо тэрээр малийж суугаа гэнэ. “Голомт”-ын барьцаанаас суллуулсан хөрөнгөөрөө татварын өрөө дарсан, 32 тэрбумын аккредитивийн, 10 тэрбумын зээлийн гэрээг хүчингүйд тооцуулж чадсан, өдгөө аваагүй 10 тэрбумын хүүнд төлсөн 660 саяа хүртэл буцаан авах шүүхийн шийдвэр гаргуулсан хойно аргагүй биз. Харин “Голомт”-ын "гавал толгойнууд" маш нарийн бодож төлөвлөсөн санхүүгийн операци явуулсан ч эцэстээ юу ч үгүй хоосон хоцорчээ. Т.Ганболдоос барьцаалсан хөрөнгөө алдсан, 32 тэрбумын аккредитивын гэрээ нь салхинд хийссэн, Т.Ганболдод 10 тэрбумыг зээлүүлж өрөнд унагах гэсэн ч өөрөө өөртөө зээлсэн болж таарсан. Дээр нь хүүнд авсан 660 саяа алдах дээрээ тулсан. Түүнээс гадна энэ заргын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80 сая төгрөгөө ч улсад хураалгаад тэмээн дээр ямааны гарз гэгч болжээ.