Яагаад заавал Д.Эрдэнэбилэг гэж!!!


Сүүлийн үед ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан тухай амтай болгон нь ярьж, бичиж байна. Харамсалтай нь эрх мэдэлтнүүдээс энэ асуудал дээр Ц.Нямдоржоос өөр дуугарах хүн байхгүй байгаа нь хачирхалтай.

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк, Хөтөлийн цементний үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, одоо Эрдэнэт үйлдвэр гээд Д.Эрдэнэбилэг гэгч энэ эрхэмд одоо байхгүй юм алга.

 

Зарим нэг хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар Эрдэнэт үйлдвэрийг хувьчилсан нь харин ч тун зөв шийдэл гэнэ. Учир нь төрийн мэдэлд буй компаниудаар дамжуулж эрх барьж буй нам, улс төрчид л баяждаг, ард иргэдэд бараг л ямар ч хүртээлгүй байдаг гэнэ.

 

Нэг талаараа зөв.

 

Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэргийг Д.Эрдэнэбилэг АН-ыг төр барьж байх үед өөрийн болгож авсан. Эрдэнэтийн 49 хувийг ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулиас яг хоёр хоногийн өмнө яаралтай мэдэгдэл хийж, 100 хувь Монголын талд шилжсэн тухай мэдээлсэн. Харамсалтай нь бондын мөнгөөр санхүүжүүлсний дөнгөж дараахан Хөтлийн цемент, Дархны төмөрлөгийн үйлдвэрээ зарж орхисон нь олон нийтийн хардлагыг төрүүлж байгаа юм.

 

Энэ тэгээд шударга зүйл үү.

 

Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа цөөн хэдэн бизнесмэнүүдээ хяхаж хавчмааргүй байгаа ч тэд нэгэнт өнөөдөр Монголын төр, эрх мэдэлтнүүдийг өөрийн талд урвуулж чаджээ. Д.Эрдэнэбилэгийн өрөөний үүдээр дан УИХ-ын гишүүд эргэлддэг тухай олон нийтийн дунд тарж л байсан. Судлаач Д.Ганхуягийн үзэж буйгаар Д.Эрдэнэбилэгийн баяжсан түүх Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараас үүсэлтэй гэх юм билээ.

 

Ер нь аливаа том хэргийн ард Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар байдаг нь бүр ч хачирхмаар.

 

26-хан жилийн өмнө тэд хөдсөн дээлтэй залуучууд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, Монголын төрийг гартаа атгасан. Одоо тэд бүгд Монголын хамгийн том гэсэн компаниудад хувь эзэмшиж, үнэтэй хослолоор гангарсан олигархиуд болж хувирчээ. Ийм цөөхөн жилийн дотор тэд төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, харин ард түмэн элгээрээ газар хэвтлээ.

 

Яагаад заавал Д.Эрдэнэбилэг гэж???


Өнөөдөр түүний тухай зураг байтугай олигтой мэдээлэл ч олдохгүй байна. Үгсэж хуйвалдсан мэт эрх мэдэлтнүүдээс ч дуугарах хүн алга. Арга ч үгүй. Хэрэв үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг авсан юм бол тэр нь эрх барьж байсан намын гавьяа. Гавьяагаа хэрхэн үнэлүүлэх нь тааж ядаад байх ч зүйл биш. Эрх мэдэлтнүүдийн халаасаа дүүргэдэг саалийн үнээний 49 хувийг хувьчилсан нь яг үнэндээ сүүг нь хүртэх хүмүүсийн тоо цөөрч, авах хэмжээ нь ихэссэн л байна шүү дээ.

 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn