Сангийн сайд Б.Чойжилсүрэн хохирсон иргэдэд шинэ машин авч өгнө


Энэ сарын 1-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригийн өдрийн 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос гарах замд том оврын ачааны автомашин дөрвөн машин мөргөсөн ноцтой осол гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 60 гаруй км зайд байрлах 22-ын товчооны (61-ийн гарам) нэвтрэх постны уулзварт ачааны автомашин “Ланд круйзер-100” болон “Тоёота Приус” маркийн дөрвөн автомашиныг мөргөж, машинд сууж явсан нэг эмэгтэй гэмтсэн байна.

Ослыг харсан гэрчүүдийн хэлж байгаагаар, зэргэлдээх хар замаас гарч ирсэн хар өнгийн машиныг ачааны машин мөргөснөөр өмнө нь зогсож байсан автомашинууд бүгд ар араасаа мөргөлджээ. Энэ үед азаар хүний амь нас эрсдээгүй байна. Осол гаргасан “Ниссан Кондор” ачааны машин нь 10 тонн ачаатай явжээ. Зарим гэрчийн хэлснээр, дээрх машин хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй, даац хэтрүүлсэн ачаатай явсан аж. Олон машин мөргөсөн ачааны автомашин нь “Хурд” группийн тээврийн машин байжээ.

 

Ослын газарт удалгүй Нийслэлийн замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн болон түргэний эмч нар очсон ч “Хурд” группийн төлөөлж эрэгтэй эмэгтэй хоёр дарга нь зэрэгцэж ирээд, осолд өртсөн жолооч зорчигч нартай “аминчхан” уулзалт хийснээр цагдаагийнхан асуудал үүсгэлгүй явсан гэх мэдээлэл байна.



 

Түүнчлэн мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эмэгтэй бэртэж, түргэний эмч нар яаралтай авч явахаар болсон хэдий ч эмчийн утсанд дуудлага ирснээр гэмтсэн бүсгүйг зүгээр  байна хэмээгээд орхиод явсан аж.

 

Ийнхүү хохирсон иргэд, ослын газар ажилласан эмч цагдаагийн алба хаагчид хэдэн талдаа асуудал үүсгэлгүй чимээгүйхэн таран одсон нь цаанаа учиртай юм гэнэ. Ослын газарт хүрэлцэн ирсэн дарга байрын настай эмэгтэй хамт ирсэн эрэгтэйдээ “Наад хүмүүсийнхээ бүх машиныг шинээр сольж өг гэж Чойжоо дарга хэллээ” хэмээн үүрэгдсэн аж. Ийнхүү мөнгөний хүчээр олны хэл амнаас холуурхан өнгөрсөн энэ ослын талаар учир мэдэх зарим хүмүүс, манай улсын тэргүүн баян асуудлыг мөнгөөр шийдэх хоншоортой эр гэдгээ харууллаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн харагдана билээ.

 

Ийнхүү олны хэл амны асуудлыг хоёрхон цагийн дотор шийдвэрлэж чадсан гэх хүн бол “Хурд” группийн үүсгэн байгуулагч, Монгол улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн аж. Монгол улсын мөнгөний бодлогыг барих албан тушаалтай тэрээр манай улсын тэргүүний 100 баян хүний 35 дугаарт 180 сая ам.долларын хөрөнгөөр жагссан удаатай. Түүний удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “Хурд” групп нь олон охин компанитай, тэдгээр нь манай улсын уул уурхай, барилга, ачаа тээвэр, цаашлаад хүнсний салбарт хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, “Хурд” ХХК нь УАЗ автомашиныг Монголын зах зээлд нийлүүлдэг бол “Сауд гоби коэл транс” болон “Сауд гоби блейк гоулд” компани нь Өмнөговь, Дорнод, Хэнтий аймгуудад уул уурхайн болон ашигт малтмалын хайгуулын ажил хийдэг аж.

 

Олны мэдэхээр орон сууц үл хөдлөх хөрөнгийн салбарт “Хурд” хороолол, “Хүннү” хороолол, “Рапид харш” хороолол, “Апартмент” хороолол, мөн хэдэн жилийн өмнө олны хэл ам дагуулсаар Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр баригдсан “Нарны хороолол” зэргийг дурдаж болох юм. Ямартай ч дээрх олон бизнесийн эзэн мөнгөөр асуудлыг шийдэж болох ч эрхэлж буй төрийн өндөр дээд албан тушаалтан хүний зүгээс төрийн бодлого хуулийн эсрэг хийсэн ёс зүйгүй үйлдэл гэмээр.

 

Эх сурвалж:Medee.MN