“Эрдэнэт үйлдвэрийг наймаалцсан цагаахан гартнууд”


Монгол хүн бүрийн санаа сэтгэлээ зориулдаг, сааль сүүгээ бэлддэг тодотголтой газар бол “Эрдэнэт” үйлдвэр мөнөөсөө мөн. Гуравхан сая хүн амтай бидний цөөхөн иргэдийн санаа сэтгэлээр тоглож, санчигны үсээр наадсан хэсэг нөхдүүд сүүлийн өдрүүдэд чухам юуны “элий, балай” сурагыг цухалзуулаад байгаа талаар маш цөөхөн үгээр тайлбар хийх гэж оролдоё. 

 

Чухамдаа Монгол, Оросын хамтарсан үйлдвэр болох энэхүү “бааз”-ын хувь эзэмшигчдийн башир арга тартагтаа тулжээ. Манай улсын Засгийн газар 51 хувийг нь эзэмшдэг, харин үлдсэн 49 хувийг нь хойд хөршийхөн эзэмшдэг цаг байсаан... Байсан хэмээн хэлэхийн учир болбоос, одоо нэгэнт энэхүү 49 хувь нь бидний Монголчуудад шилжин ирсэн байна. Шилжин ирсэн ч гэж дээ, Монголчууд цаана чинь өөрсдөөсөө хулгай хийж явна гэвэл та итгэх үү. Ямар учир шалтгаанаар “орь дуу тавилгүй, ор дэрээ булаацалдалгүй” ийн шилжин ирсэнийг сийрүүлэн тодруулбал Худалдаа хөгжлийн банкны “хурган дарга” хэмээх томоохон банкны удирдлага 51 хувийг эзэмшиж байгаа ЗГ-аасаа зөвшөөрөл  авалгүйгээр, тэр ч бүү хэл ойшоож харьцалгүйгээр Орос ах нартай гар барилцаад луйвар хийгээд 49 хувийг өөрсөддөө урвуулсан байх юм. Ер нь их дээрэлхүү, ТУЗ-ын удирдлагууд нь ЗГ-аас ч, ХХБанкнаас ч тэнцүүхэн тооны гишүүдтэй мөртлөөсөө хамаг эрх мэдлийг ХХБанк дангаараа “даам гаран” шийддэг гэнэ. Хэрвээ ямар нэгэн шийдвэрлэх асуудал дээр санал тэнцвэл  мэдээж дахин ХХБанкны талын ТУЗ-ын гишүүд эцсийн шийдвэрийг гаргах жишээний. Мөн ХХБанкнаас заавал ТУЗ-ын даргаа сонгоно...энэ одоо яадаг илт давуу эрэмбэ дараалал вэ. За энэ бол хууль цааз үйлчлээгүй ТУЗ-ын зөвхөн гал тогоон доторх байдал.

 

Бас болоогүй ээ, ер нь энэ хэргийн хамгийн анхны “цагаан гартнууд” болох “Эрдэнэт”-ийг монголчуудаас салгахад идэвхийлэн ханцуй шамлан гар бие оролцсон тухайн үеийн ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэгт, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг гээд цөөнгүй тооны хөшигний ард нуугдсан “балчир” хэдэн нөхдүүд бий. Тэдний аль аль нь одоогийн байдлаар хариуцлага хүлээсэн юм алга. “Балчир” хэмээн авгайлсны учир юу вэ гэвэл “ЗГ-аас буюу хамтран эзэмшигчээсээ зөвшөөрөл авалгүйгээр золигт гаргаж орхиод, хойд хөршийн ах нараасаа хувиа аваад дэгдсэн хэсэг нөхдүүдийн ард энэ эрээ цээргүй наймааг удирдаж байгаа ЗГ-ын томчуудын үүрэг оролцоо одоог хүртэл оршсоор байгаа.  Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийг тойрсон ил луйврыг шалгаж, цээрлүүлдэг хууль хяналтын байгууллага бас өнөөх цагаан гартнуудын эрхшээлд орчихов уу.

 

Та доорх бүдүүвч зургийг л харчих, тун удахгүй ХХБанк “Эрдэнэт” үйлдвэрийг авсан бохир аргаараа ээлж дарааллаа хүлээсэн олон газрыг өөртөө авч таны харж байгаачлан бүдүүвч зураг шигээ бүрэлдэхүүн гаргаад Монголын минь хамаг том үйлдвэр, цахилгаан станц гээд цаашаа нэрлэвэл чамгүй олон газрыг эрхшээлдээ оруулахаар зэхээд байна. Монголчууд аа, бид “Эрдэнэт” үйлдвэрээ улсын хяналтаасаа алдвал хайран биш гэж үү. Энэ бол бидний хүргэж байгаа мэдээллийн багахан хэсэг нь. Ээжийхээ өврөөс чихэр хулгайлдаг хүүхдүүд энэ мэтчилэн илэрсээр байна.