Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ


 

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр (2016.10.10) албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн есдүгээр сарын 27-нд үнэмлэхээ гардаж авсан байсан юм.

Хуульд зааснаар сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжилж, санал хураалт аравдугаар сарын 19-нд болно.

 

Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй мэдээллээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл нэр дэвшигчдээ “сойн” өрсөлдөж байна.

Нийслэлийн есөн дүүрэг дэх мандатын тоог тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байна.

 

Орон нутгийн сонгуулийн гол тулаан Ардчилсан нам, МАН-ын хооронд болох төлөв харагдаж буй. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн сөрөг хүчний хувьд даагаа нэхэх сонгууль байх бол эрх барчигч хүчний хувьд дахин ялалт байгуулж, орон нутгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх зорилго бий.

2012 онд болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд эрх баригч хүчин болох Ардчилсан нам ялалт байгуулж ихэнх аймаг, дүүрэг, суманд засаглалаа тогтоож байлаа.

 

Гэхдээ УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар өнгөрсөн зургадугаар сарын 29-нд аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль УИХ-ын сонгуультай хамт нэг өдөр болсон тул одоо зөвхөн сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох юм.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар 590 төрлийн саналын хуудас хэвлэж байсан бол орон нутгийн сонгуульд зориулж 2000 гаруй төрлийн саналын хуудас хэвлэжээ. Сум, дүүргийн тойргууд, баг, хороо болгон нэг тойрог болдог учраас тэр хэмжээгээр саналын хуудсыг олон төрөлтэй хэвлэх шаардлага үүсэж буй аж.

 

УИХ-аас сонгуулийн зардлыг 13.9 тэрбум төгрөгөөр баталсан юм.

 

Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвсэл гарвал иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Энэ нь иргэдийн зүгээс нэр дэвшигчдэд тавих хяналтыг сайжруулах зорилготой юм.

 

Ингэхдээ хууль бус сурталчилгаа явуулж, эд мөнгө тарааж, хөнгөлөлттэй үйлчилгээгээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдлыг баримттайгаар илрүүлсэн тохиолдолд тухайн иргэнийг урамшуулах тогтолцоотой. Тараасан эд, мөнгөний үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрөөр иргэнийг урамшуулах хуулийн заалт үйлчилж байна.

 

NEWS.MN