Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өчигдөр 2284 төгрөгтэй тэнцэв. Энэ нь ам.долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрсэн үзэгдэл болохыг эдийн засагчид онцолсон юм. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш гурван сарын хугацаанд 335 орчим төгрөгөөр өсөөд байгаа нь энэ.
Анхлан Монголбанкны ерөнхийлөгч Т.Баярсайхан Монгол Улсын валютын нөөц -419 сая ам.доллар байгааг зарласан даруй валютын захууд ханшийн хөөрөгдөлд идэвхтэй оролцож эхэлсэн. Төвбанкнаас ам.доллорын ханшийг сааруулах зорилгоор тухайлсан арга хэмжээнүүд авч байгаа ч хичээлийн шинэ эхэлж буйтай холбоотойгоор нөлөөгөө үзүүлэхгүй байна гэсэн тайлбар хийж байв.
Саяхан Төвбанкнаас өгсөн тодруулгадаа “Монголбанкны гол зорилго бол валютын ханшийг тогтоох асуудал биш. Валютын ханш нэмэгдэж байгаа нь гаднаас орж ирэх валютын урсгал саарч байгаатай холбоотой. Тиймээс валютын ханшийн зохицуулалтад Монголбанк оролцохгүй” гэсэн хариулт өгсөн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Эдийн засагчдын зүгээс бодлогын хүрээнд дорвитой арга хэмжээ авахгүй бол оны сүүлээр ам.долларын ханш 2400 төгрөгт хүрнэ гэсэн нийтлэг таамаглал дэвшүүлж буй. Гэвч одоогоор засгийн газар, Төв банкны зүгээс ам.долларын ханшийн хөөрөгдлийн эсрэг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй хэвээр байна.
УИХ-ын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард “Санхүүгийн зах зээлийн орчинд бид зөв менежмент хийснээр ам.долларын ханшийг 2000 төгрөг дотор барьж ирлээ. Хэрвээ ийм ажлуудыг шат дараатай хийгээгүй бол ам.долларын ханш 5000 төгрөгт хүрэх байсан” хэмээн хэлснийг сөрөг хүчнийхэн ихэд шүүмжилж байсан удаатай.
Тухайн үед МАН-ын генсек Ж.Мөнхбат нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж буйг АН-ынханд хандан сануулж байсан билээ. Тэрээр “Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 метр квадрат болно. 18 м.кв ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар 30 мянган төгрөг хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харж байна уу” гэсэн байдаг. Уг мэдээллээ “МАН-ын генсек Ж.Мөнхбат төрийн бугшааг зад ниргэв” гэсэн сүртэй гарчигтайгаар зорилтот байдлаар түгээж, олон нийтийн зүгээс талархал хүлээж явав.
Гэтэл одоо ЗГХЭГ-ын даргаар сонгогдсон хойноо тэрээр ам.долларын ханшийн хөөрөгдлийн эсрэг ямар арга хэмжээ авах талаар ганц ч үг ганхийхгүй яваа нь хачирхалтай.
Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч намын бодлогыг хамгийн ихээр шүүмжилж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж байсан хүмүүсийн нэг нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат. Яг албан тушаал аваад, төрийн бодлогод оролцож эхэлсэн цагаасаа хойш тэрээр өмнө нь эсэргүүцэж байсан бүхнийхээ өмнүүр дуугүй өнгөрч, аялдан дагаж байгаа нь ард түмэнд таалагдахын тулд зүгээр л “популизм” хийж байсныг нь гэрчлэх мэт.
Ард түмний итгэлийг хүлээж, засгийн эрхийг авсан хойноо өмнөх парламентад хамаг буруугаа тохож, зовлон тоочиж суухын оронд иргэдийн амьдралд өдөр тутам сөргөөр нөлөөлж буй асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй баймаар. Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байна. Энэ хугацаанд ядаж ам.долларын ханш сулруулах аргачлалаа ч ажил хэрэг болгочихоогүй үхээнц байдлаа Засгийн газар, Төвбанкны удирдлагууд хэрхэн тайлбарлах бол...
ЭХ СУРВАЛЖ:MEDEE.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна