З.Одгэрэл: Би хүний наймааны хохирогч болно гэж бодоогүй


-ТЭНД 7 МОНГОЛ, 2 ОРОС ОХИН БАЙСАН- 

 

Бусдын худал амалсанд хууртаж, хүний наймааны хохирогч болсон З.Одгэрэл бүсгүйн эгчийн яриаг өчигдөр бид уншигч танд сэрэмжлүүлэг болгон хүргэсэн билээ. Өнөөдөр бид охид, бүсгүйчүүддээ хүний наймааны золиос болох аюул тун ойрхон гэдгийг сэрэмжлүүлэх зорилгоор З.Одгэрэл бүсгүйтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Эрээн рүү хэзээ, хэдүүлээ гарсан бэ?


-Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр анх тавуулаа байсан. Хил дээр хоёр охины бичиг баримтын хугацаа дууссан учир буцсан. Цааш надтай хамт 17 настай нэг охин, бас Мөнхжин гэдэг охин гурван сартай хүүхдээ аваад хамт явсан юм. Х эгч биднийг дагуулж явсан. Очоод биднийг өвөрмонгол эмэгтэйтэй танилцуулсан юм. Би хүний наймааны хохирогч болно гэж бодоогүй.

 

-Ямар ажлаар урагш гарах гэж байгаагаа огт мэдээгүй хэрэг үү?


-Мэдээгүй. Зоогийн газар ажиллана гэж бодсон. Долоо хоноод хүрээд ирэх юм чинь гээд явсан. Бид урагшаа гарахын өмнө Чулуун овоонд айлд уулзсан. Тэнд байсан охид дундаас би Мөнхжин гэх охиныг хоёр жилийн өмнөөс мэддэг байсан. Тэд хэлэхдээ “Очоод долоо хоноод ирнэ. Ирэхдээ доод тал нь сая төгрөгтэй ирнэ” гэсэн. Х эгчийн найз эмэгтэй “Надад үлдээгээд явчих” гэхээр нь хүүхдээ үлдээсэн. “Долоо хоноод ирчих юм чинь 100 мянган төгрөг өгчих” гэсэн. Х эгч хэлэхдээ: “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө. Тэндээ хамт байж байгаад цуг ирнэ санаа зоволтгүй, би сайн тусална” гэсэн. 

 

-Очиход чинь ямар нөхцөл байдал угтсан бэ?


-Маш хүйтэн байсан. Өвөрмонгол эмэгтэй Зээлийн захын урд цагаан өнгийн жийп машинтай ирээд, биднийг цааш авч явсан. Хаашаа явсныг ч мэдээгүй. Өвөрмонгол эмэгтэйн цайны газар очиж хоол идсэн. Хоол идэж байхдаа “Та нар ямар ажил хийх гэж ирснээ өөрсдөө мэдэж байгаа биз дээ” гэж асуусан. Бидний хэн ч дугараагүй. Халиунаа бидний өмнөөс “Мэдэж байгаа” гэж хариулсан. Өвөрмонгол эмэгтэй Халиунаад “Чи энэ хоёр охинтой хамт яваад хувцас, будаг авчих” гээд бид хоёрт тус бүрд нь 300 юань өгсөн. Зах орж хувцас аваад, буудалдаа ирээд “За та хоёр хурдан нүүрээ будаад, хувцасаа өмсөөд, гараад ир. Зургаан цагт бэлэн байна шүү” гэсэн. Анх очиход буудлын орчин, буудалд байсан охид их аймаар санагдсан. Тэнд долоон монгол охин, хоёр орос охин байсан. Өөрийгөө Одгэрэл гэж танилцуулахад, “Нэр чинь таалагдахгүй байна. Чамайг Жижгээ гэж дуудаж байя гэсэн. Бид буудалдаа хэд хоноод, гадуур гарч, хувцас авах гээд “Зээлийн зах ороход бидэнтэй заавал нэг хүн явдаг байсан. “Зугтаж магадгүй, сайн хараарай” гэж хамт явах хүндээ захиад, бид нартай хамт явуулдаг байсан. Нэг буудлын өрөөнд хоёр монгол охин байдаг. Тэгээд өдрийн цагаар гаднаас цоожлоод, хаашаа ч гаргадаггүй.

 

-Чи биеэ үнэлэх ажил байна гэж хэдийд мэдсэн юм бэ?


-Анх очоод Өвөрмонгол эмэгтэйтэй уулзаад мэдсэн. Тэгээд их айсан. Тийм  дарамтад орж, биеэ үнэлнэ гэж бодоогүй. Хамт явсан 17 настай охин Халиунаа эгчийг “Их аймаар хүн, битгий уурлуулаарай” гэсэн нь санаанд ороод би юу ч хэлээгүй. “Би гадаад хүмүүстэй унтаж үзээгүй. Би айгаад байна” гэхэд өвөрмонгол эмэгтэй “Зүгээр ээ, яав л гэж. Найз нар чинь зөндөө байна” гэсэн.

 

-ӨВӨРМОНГОЛ ЭМЭГТЭЙ БИДНИЙ БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ ОЛСОН МӨНГӨӨ 
ДАРГАДАА ӨГДӨГ БАЙСАН-


-Охидын биеийг хэрхэн үнэлүүлдэг байсан бэ?


-Орой зургаан цагт буудлын үүдэнд хувцасаа өмсөөд, нүүрээ будаад, буйдан дээр бэлэн сууж байх ёстой. Тэгээд буудлын үүдэнд өвөрмонгол эмэгтэй нөхрийн хамт зогсоод “Хүүхэн байна. Шинэ хүүхэн байна. Үзэх үү?” гээд оруулж ирээд, биднийг харуулдаг. Орж ирсэн хужаа нар дуртай охиноо аваад гардаг байсан. Би тэнд очихын өмнө төрөөд удаагүй, үсээ хусуулсан байсан. Тийм болохоор намайг олон хүн авдаггүй байсан. Охидын биеийг янз бүрийн үнээр үнэлүүлдэг байсан. Хүн орж ирээд “Энэ охинтой нэг удаа унтъя” гэх юм бол 150-200 юань. Харин хоногоор бол 500 юань. Тэндээс хоногоор авч гараад, өөр буудалд очоод, өглөө буцаж 9 цагт ирсэн байх ёстой байдаг. Хоцорвол бас торгуультай. Өр нэмэгдээд явчихдаг юм. Өвөрмонгол эмэгтэй бидний биеийг үнэлүүлж олсон мөнгөө аваад, даргаа ирэхээр өгдөг байсан.

 

-Өрөнд ороод төлсөн гэж дуулсан. Ямар өр нэхээд байсан юм бэ?


-Замын зардал хоол унд буудлын мөнгө чинь нийлээд 2000 болсон шүү төлж дуусгаад яв гэдэг байсан.

 

-Гэрийнхэнтэйгээ хэрхэн холбоо барьж, хэрхэн нутагтаа буцаж ирсэн бэ?


-Солонго гэдэг охин найз залуу нь их хартай гээд нууцаар утсаар ярьж байхыг би хараад түүнээс гуйж залгасан. Би хүүхэддээ маш их санаа зовоод, бас санаад байсан (уйлав.сурв). Тэгээд залгаад, хүүхдээ асуухад Мөнхжингийн найз, Цагаан байранд байдаг хүнд аваачиж өгсөн гэдгийг мэдсэн. Би эгч рүүгээ “Очоод аваарай. Энд их хэцүү байна” гэж уйлаад залгасан юм. Сайн ах, эгчийнхээ ач буянаар Монголдоо ирсэн.  

 

Ярилцсан баярлалаа.

 

Эх сурвалж: Medee.MN