Д.ОЮУНХОРОЛ САЙД АА: ОДООГ ХҮРТЭЛ УЛААН, ШАРААРАА УРСАЖ БУЙ ОРХОН ГОЛОО ЯАХ ВЭ?


Сүүлийн жилүүдэд улаанаараа урсаж буй Орхон голын асуудлыг дээрх хамтарсан баг нэг мөр болгон шийдвэрлэхийн тулд алтны компаниудын үйл ажиллагааг зогсоосон талаараа хэвлэл мэдээлэлд онцолж байв. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол алтны компаниудын үйл ажиллагааг зогсоохын зэрэгцээ гурван үндсэн шаардлага тавьсан хэмээн мэдээлсэн билээ.

 

Үүнд, 

Нэгдүгээрт, Нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийх. Нөхөн сэргээлт хийхийн тулд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр улсын төсөвт байршуулахыг шаардсан.

 

Хоёрдугаарт, Лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглоно. Хамгийн ихдээ таван аж ахуйн нэгж байхаар заах асуудлыг ажил хэрэг болгох.

Гуравдугаарт, Уул уурхайн компаниуд гадаргын усыг ашигладаг байдлаа зогсоох.



 

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын баг Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтан дорнод Монгол” компаниуд лиценз эзэмшдэг. Эдгээр компаниуд 16 гэрээлэгч компаниар олборлолт хийлгэдэг бөгөөд тэдний 14 компани үйл ажиллагааг зогсоон хэмээн Байгальд ээлтэй сайдын үнэлгээг өндөр тултал нь авсан. 

 

Үүнээс хойш даруй 16 хоночихоод байна. Гэвч Орхон гол улаанаараа урссаар байна. Орхон гол дагуу нутагладаг иргэд “Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг үнэхээр зогсоосон бол тус гол долоо хоног хүрэхгүй хугацаанд өөрийгөө цэвэршүүлчихнэ. Ус тунгалагшаад эхлэх цаг хэдийнэ өнгөрчихөөд байхад улаанаараа урссан хэвээр байна” гэсэн мэдээлэл өгч буй юм. Малчдын ярьж буйгаар, Орхон гол сүүлийн жилүүдэд загасгүй болж, салбар голуудаас загас барих болсон байна.

 

Орхон гол баруун таван аймгийн 63 сумыг хамарч,1100 гаруй км үргэлжлэн урт урсдаг. Бохирдлын гол шалтгаан нь Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас хамаардаг гэж мэргэжлийнхэн тайлбарладаг. Тус байршлын бохирдлоос үүдэж, Орхон гол улаанаараа урсахад хүрдэг байна.





Үүнээс харахад Д.Оюунхорол сайдын сүр дуулиантайгаар мэдэгдсэн Орхон голын асуудлыг нэг мөр цэгцчихээгүй юм байна. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэж ардын сайхан зүйр сэцэн үгийг танд зориулж бичмээр байна. Эхлүүлсэн ажлын үр дүн чухал байдаг болохоор таны Орхон голд хандуулж байгаа хандлага 16 хоноод байхад орхон гол улаан шараараа урссан хэвээрэй л байна.