5-8 жилийн хугацаагаар хорих ялтай зүйл ангиар буруутгагдаж байсан Г.Баясгалан Хууль зүйн яамны төрийн нарийнаар эргэн ирэх нь ээ…


Төрийн албаны зөвлөлийн сонгон  шалгаруулалтыг давж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шалгалтад тэнцсэн Г.Баясгалангийн тухайд өмнө нь  Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдгийг санах хүмүүс нь санаж байгаа биз. Түүнчлэн төрийн нарийнаар ажиллаж байхдаа чамгүй асуудалд нэр холбогдож байсныг нь эргэн сануулах нь цагаа олсон хэрэг байх болов уу. Учир нь төрийн засгийн хариуцлагатай албыг төр түмнийхээ төлөө зүтгэх зүтгэлтэй, сэтгэлтэй хүмүүс нь хашдаг болохоос баахан ноороглосон цаас шиг болсон бараан намтартай хүмүүсийн цуглуулга газар биш юм.

 

Г.Баясгалан өмнө нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа  улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан байдаг. Тодруулбал, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт 2013 оны  дөрөвдүгээр сараас эхлэн шалгасны нэг нь Г.Баясгалан байсан юм. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын нөхдүүд л дээ. Албаны эх сурвалж хэлэхдээ “Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд нь банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.3, Төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг зөрчиж 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн таван хувь болох 221 сая 600 мянга 570 төгрөгийг өөрсдөдөө хуваарилан авсан. Мөн орон сууц худалдан авахад зориулж 630 сая төгрөгийг зарим гишүүнд хуваарилан олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийт 854 сая 616 мянга 570 төгрөгийн хохирол  учруулсан. “ гэж байсан. Уг нь тэд хохирлоо барагдуулж байгааг эх сурвалж хэлсэн байдаг ч, асуудал тэдний үйлдэлд байгаа гэдгийг хэлэх нь зөв биз.

 

Нийслэлийн прокурорын газраас эдгээр хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг ч, өдгөө бүгдээрээ гар бие цэвэр хүмүүс шиг явцгааж буй. Анх дээрх ТУЗ-ийн зургаан гишүүнд холбогдох хэргийг АТГ-т шалгах байсан боловч харьяаллын дагуу УМБГ-т шалгах болсон байдаг.

 

Тэгэхээр Г.Баясгалан нарт эрүү үүсгэсэн зүйл ангийн мэдээллийг харахад:

 

157 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох

 

157.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

 

Ер нь Г.Баясгалан төрийн албыг хувь эрх ашигтаа нийцүүлдэг нэгэн байж болзошгүй юм. Учир нь түүнийг төрийн алба хашиж байхдаа төрийн сангийн зардлаар хүүгээ АНУ-д сургаж, тэтгэлэгт хамруулж байсан гэх мэдээлэл байдаг. За мөн түүнийг төрийн банкнаас мөнгө завшсан гэх хэрэг шуугиан дэгдээхээс өмнө нь хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл бас дуулиан болж байв.

 

Тэгэхээр ийм л их адал явдалтай хүн Хууль зүйн яамны төрийн нарийнаар ирэхээр болж байна.

 

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн