Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:

-Цахиагийн Элбэгдорж бол яалт ч байхгүй ардчиллын анхдагчдын нэг мөн. Ардчилсан намаас хоёр удаа Ерөнхий сайд болж, хоёр дараалж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн. Энэ утгаараа тэр бол яалт ч байхгүй Ардчилсан намын хүн гэж тодорхойлогддог. Харин өнгөрсөн дөрвөн жилд юу болсныг бид бүгдээрээ харсан. Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед нь хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүйгээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж, ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлэлийг тасалдуулж, намаа сонгуульд ялагдуу­лах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан. Би мэдэгдэлдээ хуйвал­дааны төрийн удирдагчдын нэг гэж зарласан, үнэн. Энэ бүхэн хэн ч харсан ойлгомжтой байдлаар бүхний нүдэн дээр ил болоод өнгөрсөн болохоор нууц биш л дээ.