Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нэг хэсэгтээ чимээгүй байсан ч 2015 оны аравдугаар сард дээрх хэрэгт сэжиглэн 40 гаруй насны хоёр эрэгтэйг Орхон аймгаас барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн оны арваннэгдүгээр сард С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг цагдан хорьсон билээ. Түүнийг саатуулаад өнөөдөр нэг жил орчим болж байна.
Бидэнд дээрх хэргийн талаар ийнхүү мэдээллэж байв.
С.Зориг агсны амь насанд хүрсэн этгээдүүдийн нэг нь эрэгтэй, нөгөө эмэгтэй хүн байсан гэж энэ хэргийн цорын ганц гэрч Д.Булган өнөөг хүртэл мэдүүлж ирсэн байдаг. Гэтэл тус хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн 2-3 жилийн өмнө С.Зориг агсны амь насыг хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг шалгалтын явцад олж тогтоосон байна. Тус хэргийн гэрч Д.Булган “Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн” гэж худал мэдүүлэг өгч, аман зургийг худал гаргуулж, хэрэг илрэх явцыг удаашруулсан гэж цагдан хорьсон бололтой. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-О.СОДБИЛЭГ: БУРХАН БОЛСОН ААВЫГ МИНЬ С.ЗОРИГИЙН
ХЭРЭГТ ХОЛБОЖ БАЙНА-
Харин тус мэдээллүүд хэвлэлд гараад удаагүй байхад (2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр) Ш.Отгонбилэг агсаны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдэгдэл гаргасан.
О.Содбилэг мэдэгдэлдээ:
“Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!
Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл, ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.
Түүнийг ийнхүү мэдэгдэхэд Ардчилсан нам засаг барьж байв.
-Э.БАТ-ҮҮЛ: НАМАЙГ ШАЛГАЖ БАЙГАА НЬ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНТАЙ-
Харин саяхан хотын дарга гэх албан тушаалаа өгсөн Э.Бат-Үүлийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан шалгах болсон талаар тэрээр мэдээлэл хийлээ.
Э.Бат-Үүл мэдээллийнхээ үеэр
“Одоо Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж байгаа байх. Хорьдог юм бол хуулийн дагуу хориоч, би дуудсан цагт нь очдог. Хамгийн хачирхалтай нь мөрдөн байцаах үйл ажиллагаа нь дандаа мартуулж байгаад авна. Хоёр жилийн дараа байтугай, хорь хоногийн өмнөхөө ч мартчихдаг шүү дээ. Тэгсэн 16 жилийн дараа ирээд нөгөө зүйлээ асууж байгаа юм. Хэргийг илрүүлэх сонирхолоос өөр сонирхол энд байна.
Өнгөрсөн баасан гарагт энэ хэрэг болсноос хойш анх удаа надаас хурууны хээ, үс, цусны шинжилгээ авч байна. Хэзээ ч ингэж авч байгаагүй. Яллагдагчаар татсан тогтоолын дараа шүү дээ. Яллагдагчаар татна гэдэг чинь нотлох хангалттай үндэслэлтэй үед татдаг байхгүй юу. Гэтэл татсан хойноо нотлох баримт хайгаад явж байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид “Наад хүнээ хорь” гэсэн дарамтыг дээрээс үзүүлж байгаа гэж байна” гэсэн юм.
Ямартай ч 17 жилийн турш сонгуулийн өмнөх улс төрийн шоу болж ирсэн С.Зориг агсаны хэрэг сүүлдээ улстөрийн золиосын шинжтэй болж аль улстөрийн нам, хэн нь засгийн эрхэнд гараагүй байна, түүн рүү чиглэдэг болжээ гэж дүгнэж болохуйц байна.
-ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН
ТАЛААР УРИАЛГА ГАРГАВ-
Олон улсын парламентын холбоо (1889 онд Парис хотод байгуулагдсан) гэж тусгаар тогтносон улс орнуудын парламентуудыг нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага бий. Тус байгууллагаас энэ оны долдугаар сарын 29-нд С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг суллахыг уриалсан, уриалгаа манай улсад илгээсэн байдаг. Энэхүү шаардлагад С.Зоригийн агсаны хэргийн талаар “Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг мохоож байна” хэмээн дурдсан байгаа юм.
Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн уриалгад:
“...Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна.
С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй.
Мөн “...Монголын эрх бүхий байгууллагуудын зүгээс ямар нэг хариу арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга, ерөнхий прокурорын орлогчийн зүгээс амалсан мэдээллийг яаралтай авахыг хүсч байна. Улмаар хэргийн холбогдолтой үйл явдлын талаар тогтмол мэдээллэж байхыг дахин хүсье.
Монголын холбогдох бүх байгууллага, тухайлбал, ерөнхий прокурор, түүний орлогч, түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүдийн хувьд С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна.
С.Зориг агсны эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэтгэх ёстой” гэжээ.
Эх сурвалж: Medee.MN
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...