Э.Бат-Үүл: С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт дахин НАМАЙГ яллагдагчаар татлаа


Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын байранд яг одоо мэдэгдэл хийж байна.

 

Тэрбээр "өмнөх болсон бүх зүйлийг эхнээс нь ярья гэж бодлоо. 1998 оны намар С.Зоригийг  зэрлэгээр  хөнөөсөн хэрэг гарсан. Тухайлбал, намайг тэр өдрийн орой гэртээ сууж байхад Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд   "Намайг  хамгаалалтанд авч байна" гэж хэлээд хэрэг болсон газар дагуулан очсон. Тэгээд очиход хэргийн газрыг хамгаалалтанд аваагүй бөөн хүн бужигнаж байсан. Би хэргийн газарт очоод мэдээж бусадтай л адил цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржтой хамт би гараад явсан. Гараад явахдаа малгайгаа мартаад гарсан байсан. Цагаан цэнхэр өнгөтэй хадам ээжийн маань өмсдөг байсан малгайг би тэнд мартсан. Ингээд хэргийн дараа надаас гэрчийн мэдүүлэг аваад, малгайг мартсан байсан гэж тогтоогоод надад буцааж өгсөн өгч дахин надаас мэдүүлэг аваагүй.

 

Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө намайг дахин дуудаж нөгөө малгай чинь байна уу, аваад ирээч гэхээр нь би малгайгаа  өгсөн. Гэтэл малгайг минь надаас авангуутаа “Энэ малгай хэргийн газраас олдсон учраас сэжигтнээр татаж байна” гэсэн. Уг малгайг  мартсан гэдэг нь тогтоогдсон гэж өгсөн мөртлөө хоёр жилийн  дараа  малгайг буцааж аваад  намайг сэжигтнээр татсан.  Тэр үеийн сонин, хэвлэлээр намайг яаж гүжирдэж байсныг та бүгд мэднэ. Д.Дожоодорж гэдэг хүн яг сонгуулийн өмнө "Ардчилсан хувьсгалын удирдагчийг хэн хөнөөсөн бэ" гэдэг ном гаргаж, намайг маш их гүтгэн гүжирдэж бичсэн. 
Энэ номоо миний нэр дэвшсэн тойрогт маш олон тоогоор хэвлэж тараасан.

 

Энэ хэргийг улстөржүүлж болохгүй шүү гэдгийг  хамгийн анх би өөрөө хэлж байсан. Яагаад гэвэл хэргийн ул мөр бүдгэрнэ. Хэрэв энэ хэргийг улстөржүүлэх юм бол хэргийн жинхэнэ эзэн олдохгүй байх аюултай гэдэг үүднээс ингэж хэлж байсан. С.Зоригийн хэргийн маргааш нь намайг намын байранд очиход  олон мянган хүн төв шуудангийн өмнө Ардын намынхан С.Зоригийг алчихлаа, намын цагаан байр руу дайръя гээд цугларчихсан байсан.  Би тэгэхэд тэдний өмнө гараад энэ хэргийг улстөржүүлж болохгүй, үндэслэлгүйгээр бие биенээ гүжирдэж болохгүй ээ. Та нар тайван хүлээ гээд хэлэхэд тэнд цугларсан байсан олон мянган хүн миний л үгийг дагаад эмгэнэл илэрхийлээд тарсан юм.  

 

Гэтэл одоо 16 жилийн дараа хууль бусаар С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа. Сонгуулийн дараагаар намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Хүний амь нас хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан намайг гүжирдсэн" хэмээлээ.

 

Энэ талаарх мэдээллийн  дэлгэрэнгүйг эргэн  хүргэх болно.