Төр түшилцэж яваа эрхмүүдээс хамгийн баянд тооцогддог Б.Чойжилсүрэн өдгөө Сангийн сайдын зөөлөн сэнтийд тухалсан. 25 компанийн хувьцаа эзэмшигч гэх эл эрхмийг цахим ертөнцийн зарим шооч нөхөд Чойжилсүрэн “Цоожилсүрэн” болж хувирав уу гэх болжээ. Учир нь хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг тус яамнаас тавихаар болсонтой холбоотой аж.
Ахмад буурлуудаас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс мөнгө авах сонирхолгүй байгаа талаар Сангийн яаманд удаа дарааллан санал ирүүлсэн гэнэ. Харин энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэйн сацуу талийгаач болсон хөгшнийхөө мөнгийг авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” хэмээн УИХ-ын чуулганаар мэдэгджээ.