-ЭЭЖ, ЭМЭГТЭЙ ХҮН УЧИР ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ЭНЭ ХУУЛИЙГ ДЭМЖИХ БАЙХ ГЭДЭГТ ИРГЭД ИТГЭЖ БАЙВ-
Одоогоос гурван жилийн өмнө, арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 21 настай бүсгүй найз залуудаа зодуулсны улмаас бүх эрхтэн нь няцарч, цөс нь хагарч, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ бүсгүй цагдаагийн байгууллагад хандсан ч туслалцаа авч чадаагүй байдаг.
Мөн оны есдүгээр сард Говьсүмбэр аймагт багш эмэгтэйг нөхөр Г нь барилгын багажаар зодож, бүх ясыг нь хугалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Тэрээр эхнэртэйгээ 21 жил ханилах хугацаандаа байнга зодож, 31 шүдийг нь булга цохиж, хүнд гэмтлүүд удаа дараа учруулж байжээ.
2012 оны дөрөвдүгээр сард 22 настай хохирогч Г нь нөхөртөө 22 удаа хутгалуулж амиа алдсан. Тэрээр гэрлэлтээ цуцлуулахаар Шүүх рүү явж байх замдаа нөхрийнхөө гарт амиа алдсан байдаг. Түүнээс өмнө цагдаа, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалуулахаар удаа дараа хандсан ч туслалцаа авч чадаагүй байна. Хэдийгээр олон нийтэд мэдэгдэж, ил болсон энэ мэт хэргүүд цуврах ч цоожтой хаалганы цаана үүнээс олон гэмт хэрэг гарч байгааг үгүйсгэхгүй.
Дээрх хэргүүдийн дараа Хүний эрхийн байгууллагууд хамтарч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгохыг УИХ-аас шаардаж байсан билээ. 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өдийг хүртэл хуулийн хэмжээнд хэрэгжиж, хэрэгжүүлдэг газар ч үгүй байв.
Тиймээс хамгийн түгээмэл үйлдэгддэг ч хамгийн бага мэдээлэгддэг далд гэмт хэргийн хохирогчийг бүрэн хамгаалж, гэм буруутанд оновчтой хариуцлага хүлээлгэж чадахуйц хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг шаардаж байсан юм.
Энэхүү шаардлага ч биелэлээ олж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хамтарч, хуулийн төслийг боловсронгуй болгож, улмаар өнгөрсөн оны хавар баталсан билээ.
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зүйл заалтууд нэгэн бүхэл цогц шинэчлэл болж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай уялдуулсан юм. Ингэснээр тус тусдаа салангид байсан заалтуудыг нэг хуулиар зангидан өгч, хүчирхийлэгчийг хаашаа ч зугтах аргагүй болгосон юм. Түүнчлэн хууль хэрэгжиж эхэлснээр хуулийн байгууллагынхан хөдөлж, хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтад хамруулж, хүчирхийлэлтэй орчинд байгаа хүүхдийг хамгаалалтад авч, байгууллагад мэдэгдэх зэрэг шинэ заалтууд орсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь гэр бүлийн асуудал хэмээн орхидог байсныг болиулж, гэмт хэрэг гэж үздэг болсон юм.
Гэтэл энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан уг хуулийг Засгийн газар хэрэгжүүлэхийг нь хойшлуулж буцааж татсан нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг олон хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудын эрхийг хамгаалах уг хуулийг МАН-ынхан олонхиороо хүч түрэн унагав. Ялангуяа МАН-ын 12 эмэгтэй гишүүн энэ хуулийг унагахыг дэмжиж, үг дуугүй кноп дарсанд олон нийт уур бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Учир нь ээж, эмэгтэй хүн гэдэг утгаараа эмэгтэй гишүүд энэ хуулийг дэмжих байх гэдэгт иргэд итгэж байв. Харамсалтай нь тэд дэмжсэнгүй.
-Д.САРАНГЭРЭЛ, Д.ОЮУНХОРОЛ НАР ИНГЭЖ ЯРЬЖ БАЙЖЭЭ-
МАН-ын бүлгийн хаалттай хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. Суурь хуулиудынх нь хэрэгжилт хойшилсонтой холбоотойгоор Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаагаад дахин оруулж ирэхээс өөр аргагүй болсон. Гэтэл МАН-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг хүчингүй болгохыг дэмжлээ гээд л цахим орчинд мэдээлж байх юм. Энэ мэтээр бид үнэхээр цахим орчны дайнд ялагдал хүлээж байна. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Тэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсаны дараа “Гадаа хүн зодохоор гэмт хэрэг болдог. Гэтэл гэр дотроо эхнэрээ зодохоор зүгээр нэг гэр бүлийн харилцааны асуудал мэтээр ойлгодог байсан цаг ард хоцорлоо. Миний хувьд энэ хуулиас гол онцолж харж байгаа нь хөршүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдвэл хууль, хяналтын байгууллагад заавал мэдээлдэг байхаар үүрэгжүүлж өгсөн” хэмээн ярьж байсан юм. Гэтэл МАН олонхи болсон энэ үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд хамаагүй болж, улс төрийн, намын асуудал нь түүнээс чухал байсан бололтой. Түүнчлэн цахим орчинд түүнийг буруутгасан үйлдлийг таслан зогсоох ажлын хэсэг гаргах гэнэ. Гэтэл цаана нь өчнөөн олон эмэгтэй уг хуулийг хэрэгжихийг хүлээж, өдөр бүрийг айдаст автан өнгөрүүлж байгааг ухаарах сэтгэл алга бололтой.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Бид хамтдаа” үндэсний форумын үеэр “Гэр бүлд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам” сэдвээр илтгэл тавихдаа “Гэр бүлдээ хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудлыг бодлогын хэмжээнд анхаарч үзэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын ажлыг сайжруулах ёстой болсон байна. Дөрвөн настай бяцхан охин гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг бид мартах ёсгүй. Иймээс хүүхдийн эрх, гэр бүл дэх дарамт, хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна” хэмээн ярьж байв. Гэтэл өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эсэргүүцээд сууж байгаа билээ.
Дээрх хоёр гишүүн бол өмнөх парламентын үед эмэгтэйчүүдийн бүлэгт ажиллаж, эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах хуулиуд дээр дуугарч, хууль батлалцаж явсан билээ. Гэтэл өнөөдөр шинээр сонгогдсон бусад эмэгтэй гишүүдээ үлгэрлэж, эмэгтэйчүүдийнхээ төлөө дуугарах байтал чимээгүй кнопдоод сууж байгаа нь намын эрх ашгийн төлөө гэдгийг харуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл энэ талаар манай сайтад ярилцлага өгөхдөө “Ардын намын 12 эмэгтэй гишүүн сэрэх хэрэгтэй. Эх хүний хувьд сэрээч ээ, битгий намын боол байгаач ээ. Бид эмэгтэйчүүдийн асуудал дээр хэзээ ч намын боол байгаагүй. Нам гэдэг олуулаа нийлж ажиллах хүч болохоос биш доор нь орж, боол нь болоод суух таны эзэн биш. Бид эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал дээр намын дарга болон бусад гишүүддээ нөлөөлөхийн тулд хүчтэй дуугарч, нөлөөлж чаддаг байсан. Намын нөлөөнд ороод амаа үдүүлээд суудаггүй байсан” хэмээн хатуухан шүүмжилсэн. Яг үүнийг л иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд МАН-ын гишүүдээс хүсч байсан. Тэд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас уг хуулийг дахин өргөн барина хэмээн “ам таглаж” байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг дагалдаж гарсан бөгөөд МАН-ынхан улс төрийн шалтгаанаар уг хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Үүнээс үүдэн дагалдан гарч байгаа таван хууль хэрэгжихээ больж байгаа юм. Үүнийг эсэргүүцэн эмгэнэл илэрхийлэхээр Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр 20:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Лаа асаах” аян зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр тус хөдөлгөөнийхөн иргэдээс гарын үсэг цуглуулан, УИХ-д шаардлага хүргүүлэх юм байна.
Эх сурвалж: Medee.MN
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо