Ц.Нямдоржийн төрсөн өдрийн бэлэг тэргүүтэй төсвөөс гаргасан НАЙМАН тансаглал


Хална, солино, хасна, хэмнэнэ, танана гэж ам нээх бүртээ хэлж, төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах нижгээд зорилт тавиад буй МАН-ын эрхэм гишүүд “тансаг хэрэглээнийхээ” зардлыг төсвийн мөнгөнөөс гаргасаар байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр болсон хуралдаанаар “Хүнд хямрал болох төлөвтэй байгаа тул найман төрлийн татвар нэмнэ” гэж иргэдийн халаасыг тэмтэрч эхэлсэн ч доор дурьдагдаж буй тансаг хэрэглээний зардлаас татгалзах тухай санал одоогоор нэгийг ч гаргасангүй.

 

Зардлаа бууруулж, тансаг хэрэглээнээсээ татгалзахыг иргэдээсээ шаардаж эхэлсэн эрхэм гишүүд, тэдний тойрон хүрээлэгчдийг хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх уриалгыг хэвлэлийнхэн гаргаад удсан ч төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр хэн ч энэ талаар дуугарсангүй.

 

Эх сурвалж: Medee.MN

 

lundee

 

НЭГ. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ГИШҮҮНИЙ НЭВТРҮҮЛГИЙН ТӨЛБӨР БОЛОХ ЗУРГААН САЯ ТӨГРӨГ


УИХ-ын Тамгын газраас цалингаас бусад зардал нэрийн дор өнгөрсөн сард нийтдээ 192.487.202 төгрөг УИХ-ын Тамгын газрын 900002001 тоот данснаас гарчээ. Үүнд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны 2016 оны наймдугаар сарын 23-нд “УИХ-ын гишүүний хууль сурталчлах үүргийнхээ дагуу “Хууль ба амьдрал” уламжлалт теле нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах зардал 6.250.000 (зургаан сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг Гэрээнд заасан хугацаанд “Талент медиа” ХХК-ын Голомт банкан дахь 2015102641 тоот данс руу шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтээр тус мөнгийг шилжүүлсэн баримт багтана. Яагаад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны телевизийн нэвтрүүлэгт оролцсоны төлбөрийг улсын төсвөөс, нэг ёсондоо ард түмний төлсөн татварын мөнгөнөөс гаргах ёстой вэ?

 

alban bichigalban bichig

 

ХОЁР. Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙ ТӨРСӨН ӨДРИЙН ААРУУЛ, МӨНГӨН АЯНГАНЫ МӨНГИЙГ ТӨСВӨӨС ГАРГАВ


Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид “...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, дурсгалын зүйл (мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан) гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэжээ. Энэхүү захирамжийг Монгол УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гаргаж гарын үсэг зурж, тамгаа дарсан байх юм.

 

Дээрх албан бичигт хэдэн төгрөгийн зардал гарсныг тодорхой зааж өгөөгүй ч мөнгөн аяганы үнэ ганц, хоёр зуун мянгаар тогтохгүй нь лавтай. Оюутны тэтгэмжийн 70 мянга, хүүхдийн мөнгөөс эхлээд танаж болох бүх зардлаа танана гэж хэлж байгаа ч төсвийн мөнгөөр нэгнийхээ төрсөн өдрийн бэлгийг хүртэл авдаг ийм тансаглал хэзээ дуусах бол...

 

nyamdorj

 

ГУРАВ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АЖИЛДАА ИРЭХИЙГ САНУУЛДАГ МЕССЭЖИД 1.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ


2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зардал гаргах тухай 524 тоот захирамж гаргасан. Уг захирамжид “...УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүдэд хуралдааны зар болон мэдээлэл хүргэх зорилгоор тусгай дугаараас мессэж илгээх үйлчилгээний төлбөр 1.449.000 (нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга) төгрөгийг 2016 оны урсгал төсвийн зохих зардлаас гаргаж, “Мобиком корпораци” ХХК-тай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст даалгасугай” гэжээ.

 

Бүхэл бүтэн улс үндэстэний ард иргэдийн итгэлийг дааж гарч ирсэн эрхэм гишүүд маань хийх ёстой ажилдаа ирэхийн тулд заавал урилга, зарлага, сануулга авах ёстой юу. Үгүй ядаж ажилдаа ирснийх нь төлөө цалин өгч байхад энэ мэт илүү зардлуудаа хасч, танахад болмоор шиг.

 

 alban bichigalban bichig

 

ДӨРӨВ. АЖЛЫН ЦАГААС СУНАЖ ХУРАЛДСАН ТУЛ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР ХООЛ ИДЭВ


Наймдугаар сарын 3-ны өдөр зардал гаргах тухай 457 тоот захирамж гарган “...УИХ-ын 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаан ажлын цагаас сунаж хуралдсан тул УИХ-ын гишүүд болон Тамгын газрын тухайн үед ажилласан хэлтэс, алба, төвийн ажилтнуудад зориулж, Төр засгийн амралт үйлчилгээний цогцолбороос захиалсан хоолны төлбөр 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг УИХ-ын 2016 оны урсгал төсвийн зохих зүйлээс гаргахыг Захиргаа нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй” гэсэн байна. Сангийн сайд өчигдөрхөн хүнд хямрал болох төлөвтэй байна гэж зарласан ч начир дээрээ эрхэм гишүүд маань нэг оройн хоолондоо л гэхэд 1.520.000 төгрөг зарцуулж байна.

 

alban bichig

 


ТАВ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН 1.8 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨСВӨӨС ГАРГАВ


Долдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон 438 тоот захирамж гарган УИХ-ын гишүүний энгэрийн /далбаатай/ тэмдэгний үнэ 1.800.000 төгрөгийг энэ оны урсгал төсвийн зохих зардлаас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэстээ даалгажээ. Энгэрийн тэмдэг мэт илүү зардлыг өөрсдөөсөө эхлээд хэмнэх боломж бий. Нийт 1.8 сая төгрөг гэдэг тийм ч бага зардал биш.

 

alban bichig

 

ЗУРГАА. ГИШҮҮДИЙН УНААНЫ ЗАРДАЛ БОЛОХ 32 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЭВ


Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан дээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн: “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халамжуудыг танаж байна” гэх агуулгатай зүйл хэлсэн. Үнэхээр иргэдэд өгч буй халамжийн мөнгийг багасгаж, төсөв бүрдүүлэх бодолтой байгаа ч эрхэм гишүүд, сайд нар маань өөрсдийнхөө халамжийн мөнгийг танах хэрэгтэй боллоо.

 

2016 оны долдугаар сарын 28-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, нягтлан бодогч Л.Хосбаяр нарын гарын үсэг бүхий 32.223.571 төгрөгийн зардал гаргасны гүйлгээ хийжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн зургаа, долдугаар сарын унааны зардал аж. Тодруулбал, 5.953.000 төгрөг нь шуудан холбоо, интернэтийн төлбөр, 26.270.571 төгрөг нь тээвэр, шатахууны зардал ажээ.

 

Дундаж цалинтай иргэний сарын цалинтай тэнцэхүйц мөнгийг утас, унааны мөнгө гэж салгаж авдаг тансаглал байна. Дээрх баримтаас харахад гишүүн бүр сар тутамд 312-548 мянган төгрөг авдаг болж таарах нь. Гэвч зарим гишүүд “Сар бүр 120.000 төгрөг авдаг болохоос энд бичигдсэн шиг мөнгө авдаггүй. Тэгэхдээ хувиарлагдсан мөнгийг одоо болтол өгөөгүй байна” гэсэн юм.  

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр “Төр өөрийнхөө зардлыг боломжийнхоо хэрээр танаад, хэрэглээгээрээ иргэдтэйгээ адилхан байгаа сэтгэл зүй бүрдүүлэхээр ажиллаж байгаа” гэв. Гэвч гишүүдийн сарын утасны төлбөр л гэхэд дундаж давхаргын иргэний сарын цалинтай тэнцэхүйц байгаа нь бодит байдал өөр болохыг илтгэж буй.

 

alban bichig

 

ДОЛОО. БАРИЛГЫН НЭГ ДАВХАРЫГ БҮХЛЭЭР НЬ ЭЗЭМШДЭГ ДАРГА


УИХ дахь МАН-ын бүлэг пүрэв гаригт бараг бүтэн өдөржин ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас тогоон дотроо дахин сайн ярилцах нь зүйтэй гэж үзсэн аж. Өчигдрийн бүлгийн хуралдааны  үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хэмнэлт хийх гэж байгаа бол энэ олон объектыг үр дүнгүй ашиглахаа болихоос эхлээд илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна. Байгууллагынхаа барилгын нэг давхарыг бүхлээр нь эзэмшээд суучихсан дарга байна. Усанд ордог, амралтын, биеийн тамирын гэх мэт олон өрөөтэй байх жишээтэй. Тэнд байсан хүмүүсээ өөр нэг байшинд суулгачих юм. Энэ бүх үргүй зардлаасаа татгалзах хэрэгтэй” гэв.

 

Тун саяхан Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг дотроо ариун цэврийн өрөө, амралтын өрөө бүхий олон дамждаг тасалгаатай шинэ өрөөгөө багагүй мөнгө гаргаж тохижуулсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдав. Энэ өрөөнд хуучнаар Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтэс байсныг нүүлгэн, Засаг дарга өөрөө суух болсон гэдэг. Магадгүй УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түүний энэ үргүй зардлыг шүүмжлэн хэлсэн байж болох юм.

 

НАЙМ. М.ЭНХБОЛДЫН ТУСЛАХ “ЛАНД 200” АВТОМАШИН АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ ГАРГУУЛЖЭЭ


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн жил (2015 он) төрийн байгууллагуудыг 100 км-т 16 литрээс их шатахуун зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг хязгаарлаж, шатахуун бага зарцуулдаг суудлын автомашин албан хэрэгцээндээ ашиглах, түүгээр дамжуулж хэмнэлт хийх шийдвэр гаргасан. Харин туулах чадвар сайтай жип автомашиныг зөвхөн хөдөө ажлын дуудлагад ашиглаж байх чиглэл өгсөн боловч УИХ-ын дарга М.Энхболдын туслах залууд хот дотор унахад зориулж албаны хэрэгцээнд автобаазаас “Соната-7” автомашин гаргаж өгтөл, түүнийг нь голж “Ланд 200” автомашин болгуулсан тухай мэдээлэл гарах болов. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ. Мэдээллийн дэлгэрэнгүйтэй та ЭНД ДАРЖ танилцана уу. Энэ мэт хэмнэж болох зардлуудыг төсвөөс хумслахгүй, хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, үлгэрлэхийг УИХ-ын гишүүд болон сайд дарга, тэдний тойрон хүрээлэгчдэд уриалж байна.

 

Эх сурвалж: Medee.MN