Ж.Эрдэнэбат: Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан


УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг өдөржин хуралдаж, 15:00 цагт товлогдоод байсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхлэх цагийг хойшлуулсан билээ. Тус намын бүлгийн гишүүд хуралдаанаараа татвар нэмэх, цалин хасах тухай асуудлыг хэлэлцэх мэдээлэл байсан ч хаалттай хаалганы цаана чухам юуны талаар тэгтэл удаан ярилцсан нь тодорхойгүй байв. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхний ярилцсан нууц асуудлууд хэвлэлээр дэлгэгдлээ.

 

“Ардын эрх” сонинд мэдээллэснээр, өчигдрийн бүлгийн хуралдааны эхэнд бүлгээсээ томилогдсон төсвийн тодотголын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийжээ. Улмаар тус бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, хоорондоо багагүй муудалцсан байна.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх Засгийн газрын бодлого зөв байсныг хэлээд тавьжээ.

 

Тэрээр “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж болохгүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсаж байна” гэжээ.

 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:


"Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаарахгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эрх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заавал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу. 

 

Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм" гэжээ. Та мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.