Солонгосын хойгийн умард хэсэгт орших Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Ким овогтны дэглэм нуран унахад ойртсон мэт. Цөмийн зэвсэг, баллистик пуужингаар хөрш орнуудаа айлгаж, АНУ-ыг сүрдүүлж буй Хойд Солонгосын дотоод зөрчил улам нэмэгджээ. Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун 2011 онд эцгийн суудлыг залгамжилснаас хойш эрх мэдлээ батжуулахаар тэмцсээр буй. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд эрх мэдлээ бат бэх болгохын тулд өмнөх үеийн өндөр албан тушаалын олон хүнийг янз бүрийн хэрэгт буруутган, цаазаар авах болов. Ким Чен Уны дэглэм эхэлснээс хойш Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалын 100 гаруй хүн толгойгоо алджээ. Цаазын ял шийтгэгдсэн хүмүүсийн дунд батлан хамгаалахын сайд Хюн Ён Чоль, хүргэн ах Жан Сун Тек нар багтаж байна.
Эх сурвалж:News.MN
Хамгийн сүүлд Хойд Солонгосын ерөнхий сайдын орлогч Ким Ён Жинийг хурлын үеэр зүүрмэглэсэн гэх шалтгаанаар цаазаар авсан тухай эх сурвалжийн мэдээлэлд онцолжээ. Хойд Солонгосын эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хүндэтгэлгүй авир байдал гаргаж, намын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган, цаазалсан гэх. Тодруулбал, Ким Ён Жинийг өнгөрсөн долдугаар сард олны өмнө буудан хөнөөжээ. Үүн дээр нэмээд хоёр Солонгосын харилцаа болон тагнуулын үйл ажиллагааг хариуцсан албан тушаалтан Ким Ён Чолийг мөн цаазаар авсан гэх мэдээлэл цацагдлаа. 71 настай Ким Ён Чоль нь Хойд Солонгосын цэргийн тагнуулд өндөр албан тушаал хашиж, БНСУ-ын эсрэг цахим халдлага зохион байгуулах ажлыг удирдан явуулдаг байжээ. Гэвч тэрбээр сүүлийн хэдэн сарын хугацаанд Өмнөд Солонгост урвасан олон тооны дипломат ажилчид болон иргэдийн үйлдлийг тандаж мэдэж чадаагүй хэмээн буруутгагджээ. Английн нийслэл Лондон болон ОХУ-ын Владивосток хотноо орших Хойд Солонгосын элчин сайдын яам, консулын газрын хоёр дипломат гэр бүлийн хамт БНСУ-д урвасан юм. Ёнхап агентлагийн мэдээлснээр энэ он гарсаар Хойд Солонгосын 10 орчим дипломат БНСУ-д урвасан байна. Үүгээр зогсохгүй Хятад дахь Хойд Солонгосын ресторанд ажиллаж байсан 12 эмэгтэй Сөүл рүү зугтсан нь том дуулиан тарьсан билээ. Хойд Солонгосын иргэд төдийгүй дипломат албаны хүмүүс олноороо дүрвэх болсон нь Ким Чен Уны дэглэмд итгэл алдарч буйн илрэл байж болох юм. Нэгэнт Хойд Солонгосын иргэд удирдагчдаа итгэл алдарч эхэлсэн бол Ким Чен Уны дэглэм удаан тогтохгүй нь мэдээж.

Хойд Солонгосын дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн бас нэг шалтгаан нь Аюулгүйн зөвлөлийн Пхеньяны эсрэг авсан хатуу хориг арга хэмжээнээс болж эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой.
Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсний хариуд Аюулгүйн зөвлөл, олон улс хоригоо улам чангатгажээ. Хоригт Хойд Солонгосын бэлэн мөнгө олох урсгалуудыг боомилсноор эдийн засгийн нөхцөл байдал дордсоор байгаа ажээ.
Эх сурвалж:News.MN
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо