МОНГОЛЫН АНХНЫ РЕПРОК ХАМТЛАГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Дэлхийн алдарт, та бидний сайн мэдэх “Linkin Park”, “Limp Bizkit”, “Pantera” зэрэг хамтлагууд бол Метал, РепРок урсгалын тод томруун төлөөллүүд. Тэгвэл Монголд анх удаа РепРок урсгалаар уран бүтээлээ туурвиж буй “The Quint” хамтлагийг та бүхэнд танилцуулъя. Анх 2003 онд ШУТИС-ийн дэргэдэх “Эрчим” хамтлаг нэрээ өөрчлөн “Рок Кет” нэртэй хамтлагийг байгуулан уран бүтээлээ цэвэр рок, метал чиглэлээр туурвиж эхэлжээ.

 

Улмаар 2005, 2006 оны амьд хөгжмийн “Playtime” наадамд дэлхийн алдарт “Linkin Park”, “Limp Bizkit”, “Pantera”, “Ektomorf” хамтлагуудын хит дуунуудыг коверлон дуулснаар амжилттай оролцож байжээ. Харин 2007, 2008, 2009 онуудад “Хуучны Тамга” нэртэйгээр тус наадамд оролцож байсныг рок хөгжим сонирхогч залуус сайн мэдэж байгаа байх. Тэгвэл өнөөдөр тус хуучны гишүүд нэгдэн РепРок чиглэлээр цоо шинээр уран бүтээлээ эхлүүлээд байна. “The Quint” хамтлаг “Урагшаа” хэмээх эрч хүчээр дүүрэн амьсгалах дууны клип нь залууст хүрч эхэлжээ.  РепРок урсгалын гол онцлог агуулга нь амьд хөгжим дээр үглэж дуулан, орчин үеийн хэв маягийг агуулдгаараа бусад урсгалаас ялгардаг аж. 

 

“The Quint” хамтлагийн уран бүтээлийн чиглэл болоод зорилго нь Монгол эх орноо магтан дуулсан, бахархсан төдийгүй залууст эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүллийг  өгөх юм. Үүнээс гадна “Монголд орон зай нь өгүүлэгдэн буй РепРок чиглэлийг орчин үеийн залууст таниулахаас гадна цаашид РепРок чиглэлтэй төстэй - “Нью Метал” чиглэлээр уран бүтээлийн уур амьсгалыг зөөллөн нийгэм, хайр дурлалын чиглэл рүү ч хөрвөх боломжтойг харуулан уран бүтээлээ үргэлжлүүлсээр байх болно” хэмээн хамтлагийн залуус бидэнд ярьсан юм. “Урагшаа” дууны клип өнөөдөр олон олон залуусын таашаалыг хүртээд байгаа бөгөөд дэлхийн алдартай “Linkin Park”, “Limp Bizkit” зэрэг хамтлагуудын уран бүтээлийг яг л Монгол хэлээрээ сонсож буй мэт мэдрэмж төрөн, ийм хамтлаг шинээр мэндэлсэнд баяртай байгаагаа цахим ертөнцөд илэрхийлсээр байна. Монголын анхны РепРок хамтлаг болох “The Quint” таван гишүүнтэй. 

 

Дуучин  С.Тимур, Бөмбөрчин Б.Эрдэнээ, Соло Гитарчин Б.Батмөнх, Даралтат Хөгжимчин Н.Номин, Басс Гитарчин Д.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй.

 

Монголд байгаа шинэ орон зайг мэдрэн уран бүтээлээ эрч хүчтэйгээр эхлүүлж буй та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд энэ л талбартаа хаан нь байгаарай гэж ерөөе. 

 

Урагшаа залуусаа.