О.Баасанхүү: 100 багшийг ажилгүй болгож байхаар 13 дэд сайдад ямба эдлүүлэхээ болих хэрэгтэй


Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн  УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төсөл улс төрчдийн болоод ард түмний үзэл бодолтой огт нийцсэнгүй. Энэ талаар байр сууриа илэрхийлэхээр

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй санал нийлэхгүй асуудал нэлээд байгаагаа хэлж байна. Уг төсөл манай намын  мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй” гэдэгээ илэрхийлж байна.

 

Түүнээс гадна  дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Дэд сайдын туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Тиймээс дэд сайдуудаа татаад авчих. Хувь хүний орлогын албан татварыг тэр дундаа эгэл жирийн бизнес хийдэг хүмүүсийн татварыг нэмж байгаа нь буруу.  МАН өөрөө ч  татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Эсэргүүцэж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад сууж байна. МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй” гэлээ.

 

Тэрбээр "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Гэвч энэ хуульд Эрүүл мэндийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн хэрэгжих хугацааг таван жилээр хойшлуулж, 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой асуудал" гэв. “МАН байгаа хугацаандаа энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Хүүхэд хамгаалах шаардлагагүй гэж тэд үзэж байгаа бололтой. Аливаа хуулийг хойшлуулахад үндэслэл байх учиртай. Монголчуудад таван жил эрүүл мэнд хэрэггүй гэж ойлгогдож байна. Хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын Монголбанкинд өгөх өрийг байхгүй болгох гэж байна. “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулж Засгийн газар бонд гаргасныг Монголбанк худалдаж авсан. Ингэхдээ Өрийн удирдлагын тухай хуулд заасанчлан тухайн жилдээ төлж болох хэмжээгээр зээл авч болно гэснийг зөрчиж, хэтрүүлэн зээл авсан байгаа юм. Харин одоо энэ заалтыг нь хүчингүй болгохоор оруулаад ирчихсэн байх юм. Ингэснээр Монголбанкнаас зээлсэн мөнгийг Засгийн газар өгөхгүй гэж ойлгогдоод  байна.  Хэрэв  Монголбанкнаас зээлсэн мөнгөө өгөхгүй бол хүнд байдалд орно. Монголбанк хямарвал арилжааны банкууд хямарснаас хэд дахин хүнд.

 

Үүнээс гадна сайн суралцсан оюутнуудад тэтгэлэг олгодог Сургалтын төрийн санг Сургалтын зээлийн сан болгох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч тэтгэлэг хүртэх эрхгүй болох нь. Эдийн засгийн ийм хүнд үед оруулж ирж байгаа энэ мэт бодлого нь дундаж давхаргынхныг ядууралд хөтөлж байна. Сургуулийн бүтцийг гэхэд сайд нь баталдаг болохоор орж ирж байна. Тэр бүтцээр нь хэдэн ч хүн халагдахыг үгүйсгэхгүй. Дээрээс нь багш нарын тэтгэвэрт гарахдаа нэг удаа авдаг 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгож, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлж, оюутны тэтгэмжийг үгүй болгох гэж байна. Цалин гэдэг бол хүний амьжиргаа, амьдралын эх үүсвэр. МАН амьжиргаанаас нь танаж хасаж байхаар нэг аймагт 6 соёлын төв барих, 28 тэрбум төгрөгөөр үерийн далан барих гэж  төсөвт оруулж ирж байгаагаа болих хэрэгтэй. МАН төсвийн хэмнэлт хийх гэж байгаа бол дэд сайдуудыг байхгүй болгох хэрэгтэй. Сарын цалин нь 1 сая гэх ч түүнийг дагаад маш их зардал гарна. Баримжаагаар 60 тэрбум орчим төгрөгийн зардал гарахаар байна лээ. 100 багшийг ажилгүй болгож байхаар энэ 13 дэд сайдад ямба эдлүүлэхээ болих хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

 

Эх сурвалж: Amjilt.com