
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байсан бол хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм... гэж дуулан хүмүүжсэн хүүхдүүд өнөөдөр залуусын эгнээнд шилжээд уджээ. Зарим нь бүр ахмадын эгнээ рүү өөрсдөө ч мэдэлгүй орчихсон яваа. Гэхдээ залуусаар овоглосон байгууллагынхаа дээвэр дор. Бошгыг халахаар анхлан байгуулагдсан энэ байгууллага хүний насаар бол эрүү өвдөг нь нийлтлээ өтөлжээ. Арга барил нь хоцрогдож. Өнөөдөр энэ байгууллага яг ямар статустай, зорилго, зорилт, тэмүүлэлтэй, хэний төлөө үйлчилдэг байгууллага вэ гэдгийг ойлгоход тун чиг бэрх. Угтаа бол залуусын орон гэгддэг Монголын хамгийн том хүрээлэлтэй байгууллага баймаар. Гэтэл дэндүү гэхэд дэндүү жижигхэн, заримдаа ганц хүний гэмээр байгууллага болон хувирчээ.
Бүхнийг үгүйсгэж, хэвтэрт орсон өтөл насныхан аятай асаргаа, халамж байнга шаардана. Харин ажиллаж, хөдөлмөрлөхийг ял мэтээр ойлгох тийм л хачин үйлдэл үе үехэн энэ байгууллагаас харагдах болж.
Гэтэл залуу хүний үнэт зүйлс нь хэн нэгний халамж, заавраас илүү өөрийн бие даасан, хэнээс ч үл хамаарах хараат бусаар амьдралаа авч явах. Эцэг, эхийн заавар зөвлөгөөнөөс илүү алдсан ч хамаагүй асуудлыг өөрийнхөөрөө шийдэж, ажлын “мал”, цуцалтгүй суралцагч байж өөрийн үнэт зүйлсийн төлөө шантралгүй тэмцэгчийн дүр зураг л хэн бүхэнд буудаг. Тиймээс ч тэдний үнэт зүйлсээ болгож, өдөр тутмын мөрдлөгөө болгосон тэрхүү үзэл бодолтой өнөөгийн хууль, дүрэм, журам, дарга нарын баримталж буй бодлого, шийдвэр зөрчилдөөд буйг бодлогын хэмжээнд гаргаж тавих ёстой байгууллага нь улстөржөөд хэрэг алга.
Хүссэн эс хүссэн ч залуус өнөөгийн тогтолцоог үгүйсгэж, өөрийн мэдэлгүй үзэн ядагчид болон хувирч байна. Чадваргүй нэг нь дарга нарыг даган далдаганаж, хүүхэлдэй нь болон ичгүүртэйгээр идэр насаа өнгөрөөх жишээтэй.
Ядуу байх нь нийгмийн буруу, баян байх нь нийгмийн шаар гэх үзлийг мах цусандаа шингээж, тарни шиг тархиндаа шингээчихсэн хуучны бошгыг халагч залуусын байгууллага өнөөдөр ч хэвээрээ. Шинэчлэгдэн буй залуусын байгууллага бошгыг сэргээх тухай индэр дээрээс ихээ өндөр дуугаар цуурайтуулж байна. Мөнгөний зураг шэйрлэн “бурзайхаа” хүлээж, амьдралд байгаа хүнээс огтоос өөр дүр эсгэсэн, ажил хийхээс илүү хэтэвчээ гаргаад хурайлчихвал мөнгө болно гэж сэтгэх хэмжээнд хүртлээ залуус “хөгширчээ”. Хичээлээ давтахаас илүү лам, бөөгийн чадлаар сурснаа тайлагнана гэж бодогсод Гандангаар дүүрэн явдаг болж.
Өнөө цагийн залуус ийм эмгэнэлтэй болсон болохоор эрхээ бариад мааниа уншаад суудаг насны хөгшчүүл эсрэгээрээ амьдралын төлөө зүтгэнэ. Харин дээд боловсролтой “сүсэгтнүүд” нь ичихгүй тэжээлгэж байж, амьдралдаа гутарна, архи ууна, агсам тавина, сошиалаар өдөржин болсон болоогүйг бичиж солиорно. Хаягдлаа гэж ууна. Ханиллаа гэж ууна. Саллаа гэж гударна. Нийллээ гэж... Шалтаг мундахгүй. Эцэстээ энэ бүхэн төр буруутай, тэр ч буруутай, энэ ч ингэсэн гэж гоншгононо.
Хэрэг дээрээ өөрийнхөө төлөө түрийвчээ даллахаас өөрийг хийдэггүй болчихсон. Золоор хөөрхий тэдэнд аав, ээж нэртэй тэжээгчийг бурхан биш өвөө, эмээ нь заяаж дээ.
Гэхдээ чадалтай, өрх гэрээ, өрөөл бусдыг аваад яваа залуус цөөнгүй бий. Компьютерийн араас их мэдэгч царайлж, хуянгаа хөөртөл хов “базаж” суухаар одоо арай өөрөөр сэтгэцгэж, хийж бүтээж, алдсан ч хамаагүй ажиллах, хөдөлмөрлөж арай өөрөөр амьдарцгаая, залуус аа. Бошгыг хална гэж 90, бошгыг сэргээнэ гэж хэдэн жил ярих билээ дээ. Бидний нас ч хүрэхгүй. Одоо ярих бус хийцгээе.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ