Ерөнхий сайдын эдийн засгаа аврах ТӨЛӨВЛӨГӨӨ


Засгийн газрын хуралдаанаар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, ТӨК-иудын удирдлагуудын ЦАЛИНГ БУУРУУЛАХ арга хэмжээ авахаар болсон.

2 их наядын алдагдалтай төсөв, 23,5 тэрбум ам.долларын гадаад өр гээд манай улс нэг хэсэгтээ л өндийхөөргүй эдийн засагтай орон болжээ.

Шинэхэн засгийн газраа байгуулаад ердөө сар гаруйхан хугацаа болж байгаа ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар улсын эдийн засгийн байдлаа ард түмэнд ил тод болгосон. Цаашдаа төсвийн тодотголоо яаралтай УИХ-аар батлуулах, төсвөө эрүүлжүүлэх, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих зэрэг ажлыг хийнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдээд буй. Тэгвэл эдгээр ажлын эхлэл болгож, төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувиар бууруулахаар болжээ.


5-10 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувиар бууруулахаар болж байна


Тодруулбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчилж байгаа юм.

Энэ хүрээнд 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувиар бууруулахаар болж байна. 

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр, орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг их хэмжээний мөнгөн шагнал бүхий урамшууллыг олгохыг зогсоолоо.


Ингэж хэмнэснээр дараагийн гурван сард 3 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болгоно гэдгийг Сангийн яамнаас мэдэгдэж байсан.


Түүнчлэн бүх шатны төсвийн захирагч нарт төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, тавилга, эд хогшил авах, засвар зэрэг тэвчиж болох зардлуудыг хасахыг Ерөнхий сайд үүрэгдлээ. Төрийн өмчийн нэг компанийн захирал сард 5-30 саяын цалин авна гэдэг дааж давшгүй их өртэй манай орны хувьд байж боломгүй асуудал. Дээрээс нь их хэмжээний цалин олгохоо больчихвол төрд орохыг шунагчдын тоо багасах ч юм билүү. Ямартай ч Засгийн газар зоримог шийдвэр гаргаж, ТӨК-иудын удирдлагын хэмжээлшгүй тансаглалыг багасгалаа.

 

Цаашдаа Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга, ТНБД нарын

цалинг ч бас 30 хувиар бууруулах хүлээлт бий.


Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүдийн цалинг бууруулах асуудал яригдсан ч УИХ хүлээж аваагүй. Харин энэ удаад Засгийн газар УИХ-д 65 гишүүнтэйгээр олонхийн суудалд заларсан. Тийм учраас цалинг танах Засгийн газрын шийдвэрийг УИХ хүлээж авах магадлал өндөр хэмээн харж байна. Цалин бууруулах тухай мэдэгдлийн дараа Засгийн газар болон Ерөнхий сайд руу дайрах хандлага их байсан ч ийнхүү төрийн дээд албан тушаалтнуудын цалинг танахаар болсноор хүмүүсийн эндүүрэл тайлагдлаа. 


Эдийн засгийн хүндрэл, хямралтай байна гээд иргэдийнхээ цалинг бууруулж, халамжийг зогсоох нь буруу алхам гэдгийг эдийн засагч, судлаачид хэлдэг. Тэгээд ч иргэдийнхээ цалинг бууруулж, ажлын байр танаж хямралаас гарсан улс ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ.Мөн Кувейтийн сангийн тусламжтайгаар 12 сая долларын төсвөөр баригдах байсан шинэ Засгийн газрын ордны төсвөөр ТҮЛЭНХИЙН ТӨВ барих хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд уламжилсан. Энэ мэтчилэн өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлвэл Ерөнхий сайдын хэлсэнчлэн 12-18 сарын дотор манай эдийн засаг хөл дээрээ босох ч юм бил үү, хэн мэдлээ. 

 

www.breakingnews.mn