Э.Амарбат: 60 тэрбумын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан


Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Олны анхааралд байсан, Г.Дэнзэн болон Г.Шийлэгдамба нарт холбогдох авлигын хэргүүд сураг алдраад байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа вэ?

 

-Г.Дэнзэн, Г.Шийлэгдамба зэрэг хүмүүсийн хэргүүд одоогоор шалгагдаж байгаа. Тухайн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Албан тушаалын хэрэг мөнгө санхүүтэй холбоотой байдаг учраас өөр бусад байгууллагаас тусламж авч, олон төрлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага их байдаг. Хууль бусаар олгогдсон лиценз, хууль тендерийн асуудал гэдэг ч юм уу бүх салбарынх байдаг учраас салбар салбарын шинжээчид ажилладаг учраас их уддаг. Бусдаар бол ямар нэг байдлаар хууль хяналтын байгууллага нөлөөнд автаад удаад байдаг гэсэн шалтгаан байхгүй. Бас энэ асуудлыг шийдүүлэхгүй талаас нь ажилладаг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэдгээр нь нөгөө хэрэгт шалгагдаж байгаа нөхдүүд. Мэдүүлэг өгөхгүй, олдохгүй байх, гадаад дотоодод зорчсон гээд олон шалтгааны улмаас хэрэг шалгах ажиллагаа удаарширдаг. Тэрнээс биш хэрэг шийдэгдэхгүй замхарна гэсэн асуудал байхгүй.

 

amarbat

 

-Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн, гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан байсныг түр түдгэлзүүлсэн зэрэг мэдээлэл цацагдсан?

 

-Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын  хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Нийслэлийн прокурорын хяналтад байгаа. Тус хэрэг нь Эрүүгийн тусгай ангийн 263.2 буюу албан тушаалаа урвуулах гэсэн зүйл ангид хамаарна. Хилийн хоригийн тухайд Х.Баттулга нь олимпод оролцож байгаа тул хилээр нэвтрүүлсэн. Хамтран шалгагдаж байгаа А.Гансүхийн тухайд хилийн хориг тавигдаагүй Монгол Улсад байгаа. Шалгагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

 

amarbat

 

-Н.Энхбаярт холбогдох хэрэг танайх руу шилжиж ирсэн үү?

 

-Одоогоор манайх руу шилжиж ирээгүй байна.

 

-Сонгуулийн үеэр МАН-ын 60 тэрбум төгрөгийн бичлэг цацагдсан. Энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа юу?

 

-Ардчилсан намын дарга З.Энхболдын хүсэлтээр манай дээр гомдол ирсэн. Түүнийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлж шалгуулсан. Уг асуудлыг шалгаад энэ оны наймдугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, материалыг Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг наймдугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Татгалзсан үндэслэлийн хувьд Авлигатай тэмцэх газар хянах үедээ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд мэргэжилтэнүүдээр шинжлүүлэхэд уг бичлэг нь эвлүүлэг байна гэсэн дүгнэлт гарсан. Шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн төрийн албанд албан тушаалд томилох асуудал гараагүй гэсэн дүгнэлт гарсны улмаас татгалзсан. МАН-ын албан тушаалтнуудад дүгнэлтийг хүргүүлсэн байгаа.

 

-Д.Булганыг хорьсон, эрхийг нь зөрчсөн гэх асуудал гарсан. Энэ хэргийн тухайд?

 

-Тэр асуудлыг манайхаас шалгасан. Үнэхээр хүний эрхийг зөрчсөн үү гэх асуудлаар шалгалт хийхэд зарим нэг зөрчил гарсан. Тэр бүх асуудлыг тухай бүрт нь удирдах хүмүүст нь хүргүүлж шийдвэрлүүлсэн байгаа. Д.Булганд холбогдох хэргийг шалгаж байна.

 

-Сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэг гарсан. Эцэслэн шийдвэрлэгдсэн үү?

 

-Сонгуулийн үеэр Ч.Хүрэлбаатар гишүүн мөнгө тараасан хэргийг шүүх шийдвэрлэсэн байна лээ. Тэр хэргийг шүүхээс тодруулах хэрэгтэй байх. Надад байгаа мэдээллээр шүүхээс мөнгө тараагаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна.   

 

Эх сурвалж: Medee.MN