Хариуцлагагүй МЭДЭГДЭЛ хийж валютын ханшийг өсгөсөн Н.Баяртсайханыг огцруул


Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр ам.долларын ханш 1965 төгрөг хүртэл суларсан. Харин өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд ам.долларыг 2134 төгрөгөөр зарахад хүрэв. Ингэж долдугаар сар гарсаар ам.долларын ханш тасралтгүй өсч, зургадугаар сарын сүүлээс даруй 160-170 орчим төгрөгөөр нэмэгджээ.

 

Жилийн энэ үед хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлж, мөнгөний эрэлт нэмэгддэг. Үүнийг дагаад валют чангардаг нь ч үнэн. Гэхдээ түүхэндээ үүсч байгаагүй энэ өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй  холбон тайлбарлаж байгаа нь илүү оновчтой хувилбар. Цагтаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдын албыг хүртэл хашиж явсан Н.Баяртсайхан олон нийтэд анх удаа Монголбанкны вальютын нөөцийг ил цагаанаар зарласан ерөнхийлөгч болж, түүхэнд бичигдлээ.


Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Монголбанкны вальютын нөөц 1.2 тэрбум ам.доллар гэж дансанд тусгагдсан байгаа. Гэхдээ Хятадын ардын банктай байгуулсан своп хэлэлцээрээр нийтдээ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юань төгрөгийн своп хийгдсэн. Энэ дүнг оруулаад тооцох юм бол Монгол Улсын вальютын цэвэр нөөц -429 сая ам.доллартай тэнцэж байна” хэмээн мэдээллэсэн. Түүний энэ үгийг МАН-ын хэвлэлийнхэн ч олон нийтэд түгээхэд чамгүй үүрэг гүйцэтгэж, Пиар хийгээд амжсан.

Гэтл түүний энэ мэдэгдэлтэй зэрэгцээд хар зах дээр валютын ханшийн хөөрөгдөл улам эрчээ авсан бөгөөд нэгэнтМонгол Улс нөөцгүй юм чинь цаашид дураараа хөөрөгдөж болно гэсэн мессэж ч хүртэл тараад амжлаа. Уг нь ажлын туршлагыг нь бодсон ч тэр Н.Баяртсайхан ингэж цуурч, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр эдийн засгийн алж болохгүй. Валютын зах зээлийг цаашид хянахад асуудал үүснэ гэдгийг мэдмээр.

Ингэж Монголбанк валютын зах зээлийг хянах бололцоогоо шинэхэн ерөнхийлөгчийн мэдэгдлээрээ тавиад туучихсан гэсэн үг. Онцолж хэлэхэд, манай улсын валютын нөөцөд бичигдэж буй 1.2 тэрбум ам.доллар нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг. Тэгэхээр валютын нөөц бүр чиг аюултай түвшинд ирчихсэн гэсэн үг биш.

Өнгөрсөн дөрвөн жилд ам.долларын өсөлтийн мөчлөг бүр дээр сөрөг хүчин тоглолт хийж, ханшаа барьж чадахгүй байгаа Монголбанкны ерөнхийлөгчийг огцрох ёстой гэж зарласаар ирсэн. Ам.долларын ханшийг яг тодорхой түвшинд барьж чадахгүй бол Монголбанкны ерөнхийлөгч огцордог хуулийн заалтыг тухайлсан хуулинд нь тусгах ёстой гэсэн байр суурийг МАН-ын гишүүд илэрхийлдэг байсан нь ч саяхан.

 

Шилэн дансны асуудлаар эцэж, цуцталаа баалуулсан Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал чуулган, байнгын хороод дээр өчнөөн л мэдээлэл хийж байсан. Гишүүдийн асуултад хэт их техникийн шинжтэй хариулт өгөөд байна гэсэн зэмлэлийг дуулахаараа л нэг болсон. Гэхдээ тэр Н.Баяртсайхан шиг валютын нөөцөө зарлаж яваагүй.

 

Тэр үед Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийн санхүүжилт гэхчилэн асар их мөнгөн урсгал гардаг байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ийм маягаар долоон их наяд орчим төгрөг зах зээл рүү Монголбанк гаргаж. Гэхдээ энэ бүхнийг дагаад ноён ногоон өнөөдрийнх шиг чангараагүй. Сайнтай, муутай ч АН ноён ногооны ханшийг 2000 төгрөгт барьж байж.

 

Одоо бол хяналтаас цэвэр гарлаа. Хичээлийн шинэ жилийн үеэр үүсдэг их мөнгөний урсгалын дараа уг нь жаахан гал намжаах арга байсан. Үүнийг нь Монголбанкны шинэ ерөнхийлөгч Н.Баяртсайхан үгүй хийчихлээ. Валютын зах зээл дээр тоглодог хэн хүний санаанаас Монгол Улсын хасах валютын нөөцтэй талаарх мэдээлэл тийм ч амархан гарчихгүй. Тэд ийм орчинд тодорхой зохицуулалт хийтэл дураараа тоглож болох орон зай байгааг харж байгаа.

 

“Өнөөдөр ярьснаа маргааш мартдаг” гэх шошгыг өнгөрсөн дөрвөн жил эрх баригч нам зүүсэн. Одоо эргүүлээд эрх баригч МАН-д сануулъя. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад албан тушаалаас нь чөлөөлж, Н.Баяртсайханыг оруулж ирсэн.

 

Энэ хүндээ ажлаа авснаас нь хойш эргэлт буцалтгүйгээр чангарчихаад байгаа, цаашид өөрийнх нь мэдэгдлээс үүдэн бүр чангарах ам.долларын ханшийг сулруулах чиглэл өг. Сулруулж, нэг түвшинд барьж чадахгүй бол огцруул. Зоригтой өөрчлөлтийг одоо МАН хийж чадахгүй бол дөнгөж алхаад энэ мэтээр том бүдэрч болохгүй санагдана.

 

Эх сурвалж:Medee.mn