Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн бүртгэл уламжлалаараа явагдана


Энэ сарын 22-ноос сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан бүртгэл хэрхэн ямар журмаар явагдах талаар мэдээлэл бэлтгэлээ. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулдаг. Тус газраас өгч буй мэдээллээр, 2015-2016 оны хичээлийн жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд 16000 хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. Үүнээс шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүдэд 6000 орчим хүүхэд хамрагдах бол зарим цэцэрлэгийн дотор зохион байгуулалтыг өөрчилж дахин 6000 хүүхдийн ор нэмж гаргахаар төлөвлөжээ. Мөн хувийн хэвшлийнхэнд шинэ цэцэрлэг байгуулах боломж олгох асуудлаар шийдвэрлэх түвшинд хэлэлцэж байгаа аж. Энэ жил цэцэрлэгийн хүртээмж хөдөө орон нутагт 84.6 хувь, аймаг, нийслэлд 70 орчим хувьтай байна хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

 

2016-2017 оны хичээлийн шинэ жилд цэцэрлэг, сургуулийн бүртгэл хэрхэн, ямар журмаар явагдах талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

 

-Цэцэрлэгийн бүртгэлийг ямар шугамаар явуулах вэ?

-Бүртгэлийг наймдугаар сарын 22-ноос 26-ны хооронд зохион байгуулах гэж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105000 орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр байгаа. Цаана нь 40000 гаруй хүүхэд улсын цэцэрлэгт багтахгүй. Сүүлийн хоёр жилд төрөлт өсч, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсээр байна. БСШУ-ы сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан албан даалгавар гарсан. Тус албан даалгавраар өгсөн чиглэлийн дагуу бүртгэлийг зохион байгуулна. Ер нь уламжлалт байдлаараа бүртгэлийг зохион байгуулна.

 

-Уламжлалт байдал гэхээр эцэг эхчүүд дугаарлаж зогсоно гэсэн үг үү?


-Тийм ээ. Өнгөрсөн жил цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулж үзсэн. Өмнөх жилүүдэд цэцэрлэгийн бүртгэл эхлэх үеэр зохиомол оочер дугаар үүсгэж, эцэг эхчүүдээс мөнгө хураасан явдал удаа дараа гарч байсантай холбогдуулан сугалаагаар явуулах аргыг туршиж үзсэн. Энэ жилийн хувьд өмнө нь хүүхдүүдийг хэрхэн бүртгэдэг байсан тэр чиглэлээр ажиллана.

 

-ЕБС-ийн нэгдүгээр ангийн бүртгэл хэзээ эхлэх вэ?


-Нэгдүгээр ангид шинээр элсэн орогчдыг энэ сарын 22-ноос 28-ны өдрүүдэд бүртгэнэ. Хамран сургах тойргийн дагуу улсын сургуульд элсэх хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэх ёстой. Заавал сургуульд хамрагдах ёстой учраас гурван ээлжээр хичээллэж байгаад ч болов зургаан настнуудыг бүгдийг нь сургуульд оруулдаг.

 

-Энэ жил сурагчийн дүрэмт хувцас өөрчлөгдөх үү?


-Дүрэмт хувцас өөрчлөгдөхгүй. Өмнөх жилүүдийнхтэй ижил байна.Энэ жил 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орно. Статистик тоогоор бол энэ жил 27700 хүүхэд шинээр сургуульд элсэн орно. Үүн дээр хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг нэмээд 30000 орчим хүүхэд нийслэлд сургуульд орох төлөвтэй байна. Жилийн энэ үед хөдөөнөөс хот руу шилжин ирэгсэд нэмэгдэх хандалгатай байдаг.

 

Medee.mn