О.Баасанхүү: МАН эрх мэдэлдээ ташуурч байгаад эвгүй байдалд оров. МАХН-ын нэрээр л ТА НАР хүн болсон шүү


Төрийн албан зөвлөлийн зарим гишүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг  анхдугаар чуулганаар хэлэлцэж дууслаа.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ. Тэрбээр "Гэрэл гэгээтэй өдөр томилгоо хийж байгаад баяртай байна. Харанхуй шөнө хар нойрон дунд хулгайч шиг хуралдаж байгаад ард түмэн бухимдалтай байгааг би мэдсэн. Үүнийг би нойроо харамласандаа хэлж байгаа юм биш. “Нөгөө нөхдүүд чинь хулгай хийж байгаа юм биш үү" гэж хэлж байсныг би санаж байна. Өнөөдөр та бүгд дэд хороонд намайг санаатайгаар оруулаагүй. Яагаад оруулаагүй вэ гэхээр ёс зүйн хорооны дарга болбол зүгээр байна гэж хэлсний төлөө хариугаа авч байгааг чинь би ойлгож байгаа. Ёс зүйтэй байгааг чинь би ойлгож байгаа. Гэхдээ Монголын ард түмэн бүхнийг харж байгаа. Та нарын одоо төрийн албаны зөвлөлд томилох гэж байгаа Б.Баатарзоригийн хариултыг сонслоо. Ямар ч долдой юм, ичмээр юм. Өнөөдөр намын томилгоон дээр орчихсон юм шиг мэргэшсэн засгийн газар байгуулж байгаа учраас мэргэжил дээшлүүлэх курсын дарга хийх гэж байгаа юм аа гэсэн утга бүхий хариулт өгч байгаа нь үнэхээр утгагүй байна. Төрийн албаны  192 мянган хүмүүстэй ажиллах ёстой. Нам гэдэг тэднийг солихыг зөвшөөрдөггүй байх ёстой. Үүний төлөө явах ёстой шүү.Шүүхээр маш олон хүмүүс томилогдсон байгаа. Энэ төрийн албанд аль ч намын хүн байдаггүй юм. Намын нэг ч хүн өнөөдөр төрд байхгүй байгаа. Өмнө нь төрийн албаны зөвлөл гэж хэлбэрийн төдий байгууллага байсан.

 

Одоо үүнийг албан ёсны байгууллага болгож ажиллуулахын төлөө явна шүү. Би үнэхээр итгэж чадахгүй байна. Та нар одоо саналаа өгөхдөө Балдангийн Баатарзоригийг болиулчих хэрэгтэй байгаа юм л даа. Мэргэшсэн засгийн газар байгууллагдаж байгаа учраас мэргэжлийн ажилтнуудын чинь төлөө би ажиллана аа гээд юу хэлээд байгаа юм. Ийм байж болохгүй. Төр солигдсон байж болно, төрийн  алба хэзээ ч солигдох ёсгүй. Тэр дундаа намын ялгаварлалаар байж болохгүй. Өмнө нь халаа сэлгээнээс болж 15 тэрбумыг төрд учруулсан, хохирлыг барагдуулаагүй. Одоо  би өөрөө нэхэмжлэгчээр явна шүү.

 

Эрх мэдэлдээ ташуурч байгаад эвгүй байдалд оров оо. МАХН-ын нэрээр л та нар хүн болсон. Энэ нэрээр л хоёр дахь удаагаа олонхи болж явж байгаа. Нэр сольсон ч бие солигдохгүй шүү.  Тийм учраас та нар МАХН-ын нэр болоод угшлыг үгүйсгэсэн зүйл яриад байвал та нартаа би хатуу тэмцэнэ шүү. Анхнаасаа л  хуулиа баримталж ажиллаарай" гэлээ.

 


Эх сурвалж: Breakingnews.mn