О.Баасанхүүгийн хүсэл биелэсэнгүй


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ёс зүйн дэд хороог удирдах хүсэлтэй байгаагаа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд урьдчилсан илэрхийлсэн ч бүтсэнгүй.

 

УИХ-аар өнгөрсөн баасан гаригт /2016.07.29/ дэд хороодын бүрэлдэхүүнийг баталсан. УИХ-ын Ёс зүйн дэд хороонд УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар харьяалагдахаар болсон юм.

 

Хуулиараа нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан бол УИХ дахь намын бүлэг нь бүхий л байнгын хороо, дэд хороог удирдах эрхтэй байдаг. Ингэхдээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороог л цөөнхийн бүлгийн гишүүн удирддаг. Уг хуулийг МАН барьж буй бололтой.

 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга бол албан тушаал биш. МАН үнэмлэхүй олонх болсон учраас ядаж Ёс зүйн дэд хороогоо сөрөг хүчиндээ атгуулах хэрэгтэй. Би маш тодорхой зарчимтай ажиллаж, ёс зүйгүй асуудлуудыг хянана. Ер нь МАН эр зоригтой, шударга юм бол жижиг функцүүдээ сөрөг хүчиндээ өгөх ёстой. Тухайлбал, Хүний эрхийн дэд хороог ч өгөх боломжтой. Ингэж байж ардчилал бүтэн байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан билээ.