Мари Кристин аялалдаа гарлаа


Энэ сарын 18-д Монголд ирсэн Канадын иргэн, 22 настай Мари Кристин манай улсыг дугуйгаар туулахаар болжээ. Тэрээр өчигдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн бөгөөд баруун урд зүгийг чиглэн явж, Ховд аймгийн Булган сум хүрэх аж. Мари Кристин тэндээсээ Булган-Такашикен боомтоор хил гарах юм байна.

Хоёр жилийн хугацаанд Орос, Хятад, Турк, Грек зэрэг дэлхийн 10 гаруй улсыг хамгийн хямд зардлаар туулахаар төлөвлөсөн түүний аялал хоёр сарын өмнө Хятадаас эхэлсэн байна. Тэрээр Бээжин-Өвөрмонгол чиглэлд хоёр сарын турш явган аялал хийжээ.

Түүнийг монголчуудад танилцуулсан хүн бол Б.Оюунбат бүсгүй юм. Тэд Бээжингээс ирэх галт тэргэнд танилцсан байна. Монголд ирсэний дараа тэд хямд дугуй олох хүсэлтэйгээ фэйсбүүкээр дамжуулан мэдэгдэж байсан бөгөөд түүнд Т.Одбаяр хэмээх залуу тусалжээ.

Канадын иргэд Монголд 30 хоног визгүй байх боломжтой бөгөөд энэ хугацаанд Мари Кристин аялалаа дуусгахаар төлөвлөсөн байна. Аялалын туршлага багатай канад бүсгүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дэлхийн улсуудтай танилцах аялалаа эхлүүллээ. Тэр дундаа энэхүү аялалд манай улс багтжээ.