БИТ БОКСЧИН, ЦАРАЙЛАГ РЕЙ


Ам, хэл, уруул, хоолойны тусламжтайгаар хөгжим дуугарч буй мэт бөмбөрийн цохилт, хэмнэлийг өгүүлэхийг Битбокс гэж нэрлэнэ. 1980-аад оноос Америк репперүүдийн дунд үүсэж хөгжсөн тус төрлийг өнөөдөр бидний сайн мэдэх, алдарт "Битлз" хамтлагийн Пол Маккартни өөрийн "That Would Be Something", агуу Майкл Жексон "Billy Jean", "The Girl is Mine" дуунууддаа анхлан ашиглаж байжээ.

 

Тэгвэл энэ урлагийг Монголд анхлан таниулсан Битбоксчин бол Насаа буюу Н.Насанбаяр. Харин чамгүй хувь нэмэр оруулсан уран бүтээлч бол Битбоксчин Рей. Бидний папараци дуран царайлаг бас охидод ч баймгүй төрхөт, уран бүтээлч залууг ониллоо. Царай, арьс, биеэ авч яваа байдал зэргээс нь яахын аргагүй гадны соёл "үнэртэж" байна уу гэлтэй. Даруухан хар өмд, цамцны гадуур ихэд "модархаг" саарал хүрэм өмссөн Рей рок попынхны клипэнд "гэмгүй" байж байгаад үе үехэн тоглочохдог.

 

"UBS Music Awards"-ийн Улаан Хивсний Ёслолд дуучин С.Сэрчмаатай хослон алхсан биш нэр холбогдоод авсан түүнээс охид бүсгүйчүүд хараагаа салгаж чаддаггүй. Дашрамд дурдахад Рей Битбокс урлагийг илүү их таньж мэдэхийн зэрэгцээ өөр мэргэжлээр Япон оронд суралцаж байгаа. Суралцах хугацаандаа тус оронд өөрийн тоглолтоо зохион байгуулсан төдийгүй Японы Соёлын Газрын урилгаар "Хаврын баяр"-т хүртэл оролцоод амжсан догь эрээ.