Бразилийн домогт тоглогч Пеле индэр дээрээс энэ удаагийн Ballon d’Or шагналын эзнээр Криштиан Рональду шалгарсныг зарлахад Рональду дэргэдээ суусан найз бүсгүйгээ үнсээд тайзнаа гарч домогт хөлбөмбөгчөөс шагналаа гардан авлаа. Швейцарийн Цюрих хотноо өнгөрсөн шөнө болсон FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гийн дээд шагнал гардуулах гала арга хэмжээнээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналаа авсан тэрбээр тайзан дээр харин нулимсаа барьж дийлсэнгүй.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or шагналын эцсийн шатны шалгаруулалтад “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Рональдугаас гадна Лионель Месси, Фрэнк Рибери нар тунаж үлдээд байсан билээ. Дэлхийн хөлбөмбөгийн шигшээ багуудын ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нарын санал асуулгаар тодруулдаг уг шагналд Рибери 23,36 хувийн санал, Месси 24,72 хувийн санал авч, Рональду харин Мессигээс 27,99 хувиар илүү санал цуглуулснаар шилдгээр тодорчээ.
Рональду хэдийгээр өнгөрсөн 2013 онд “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн хамт ганц ч цом өргөөгүй боловч 56 тоглолтод 66 гоол оруулсан амжилт үзүүлжээ. Өмнө нь 2008 онд “Манчестер Юнайтед”-ын цэрэг байхдаа дэлхийн шилдгээр шалгарч байсан тэрбээр Цюрихийн тайзнаа “Миний сэтгэл ямар хөдөлж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Үнэхээр их баяртай байна. Танхимд цугласан багийнхандаа, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье. Надад итгэл үзүүлж, итгэл найдвар минь болж явсан Эйсебио болон Мадиба /Нелсон Мандела/ энэ индэр дээрээс хүндэтгэл үзүүлэхийг хүсч байна” хэмээжээ.
Мөн өнгөрсөн шөнө дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг Юпп Хайнкес гардсан. Өнгөрсөн улиралд “Байерн Мюнхен”-г удирдаж, Аваргуудын лиг, Бундеслиг болон Германы цомд хөтөлсөн тэрбээр Алекс Фергусон, Юрген Клопп нарыг ардаа орхиж, шилдэг дасгалжуулагчаар тодорсон байна. Түүнчлэн Германы эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Силвия Найд эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар, тус багийн хаалгач Надин Ангерер шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр тус тус тодорчээ.
Харин оны хамгийн ганган гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг Шведийн хөлбөмбөгч Златан Ибрагимович хүртсэн байна. Мөн өчигдрийн арга хэмжээнээс 2013 оны дэлхийн бэлгэдлийн шигшээ багт багтсан 11 тоглогчийн нэрийг зарласан байгаа. Үүнд Испанийн Ла лигээс зургаа, Германаас гурав, Францаас хоёр тоглогч тус тус багтжээ. Тэднийг танилцуулбал, Нойер, Дани Алвес, Серхио Рамос, Тиаго Сильва, Филип Ламм, Андрес Иньеста, Шави, Фрэнк Рибери, Криштиан Рональду, Лионель Месси, Златан Ибрагимович нар ажээ.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа