Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо

Moderator
1 цаг 7 минутын өмнө

Энэ амралтын өдөр буюу 08 сарын 15-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж 21 аймаг, 9 дүүргийн 368 төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Э.Галбадрал 58%-ийн саналаар ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгчөөр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан намын партизануудын нэг МОАХ-ын Дарьсүхбаатарын хүү Билгүүдэй нар өрсөлдсөн юм. С.Цэнгүүний хувьд эхний санал хураалтад 34% санал авсан бол Э.Галбадрал 48% Д.Билгүүдэй 18 хувийн санал авчээ. Харин хоёр дахь санал хураалтаар Э.Галбадрал нийт төлөөлөгчдийн 58% саналыг авч Ардчилсан залуучуудын холбооны 8 дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ардчилсан залуучуудын холбоо нь Ардчилсан намын дүрмээр намын дэргэдэх байгууллага бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн залуусын асуудлыг эрхэлдэг холбоо юм. Найм дахь ерөнхийлөгч Э.Галбадрал энэ жил 37 настай бөгөөд тус намын дүрмийн дагуу 40-оос доош насны залуучууд холбоонд хамаарах тул ажиллах 2-3 жилийн хугацаандаа хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө мөн сонгуулийн үеэр танилцуулсан нь цорын ганц мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигч байлаа хэмээн хурлын төлөөлөгчид сошиал орчинд хуваалцжээ.

Чуулганы үеэр нэгэн асуудалд тэрбээр “Дүнжингаравын гэх газ дэлбэрэлтийн осолд би дүүтэйгээ хамт зүүнээс баруун урсгалд явж байгаад дэлбэрэлтэд өртсөн. Өнгөрсөн хоногуудад энэ ослын хохирогч нь байтал хохироогч болж удаа дараа гүтгүүлсэн нь өнгөрсөн жилүүдийн эмчилгээний хажуугаар хамгийн их эмзэглэм гүтгэлэг байлаа” хэмээн тодотгон хэлсэн юм. Түүний хувьд 2006 онд Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн гишүүн, Ардчилсан намын даргын Ажлын албаны дарга зэрэг сонгуульт ажлыг анхан шатнаас эхлэн хийж өдгөө ийнхүү АЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна