Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныхан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд гэр сууцаа дулаалж, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтын төхөөрөмж суурилуулж, сайн жишиг болж буй айл өрхүүдээр орлоо.

Гэр сууцаа дулаалж, хийн халаалтад шилжсэн иргэдийн зүгээс орчны бохирдол мэдэгдэхүйц буурч, хуурайшилт багассан, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багассан, илүү цэвэр, таатай орчин бүрдэж байгааг онцлон илэрхийлж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Тодруулбал Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх хийн халаалтыг хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар “Хийн халаалтын системд гал алдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлгүй, Систем бүр хий алдагдлыг илрүүлэх мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийслэлийн хяналтын төвөөс 24 цагийн турш тасралтгүй хяналт тавин ажиллаж байна” гэв.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэж байсан 27 уурын зуухыг хий, цахилгаан, агаарын дулааны эх үүсвэрт шилжүүлээд байгаа юм. 2027-2028 онд энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Мөн “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ” гэв.

Төслийн хүрээнд айл өрхүүдэд БНХАУ-ын Haier болон Hisense үйлдвэрийн хийн зуухыг суурилуулж байгаа бөгөөд Монгол инженерүүдийн шийдлээр сайжруулсан эдгээр төхөөрөмж нь олон улсын NFPA стандартын шаардлагыг хангасан, хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалтын системтэй, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм. Нийслэлийн хэмжээнд хийн түлш борлуулах 25 цэг тогтмол ажиллаж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна