Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Moderator
3 цаг 46 минутын өмнө

УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.04/ Монголбанк болон гишүүний ажлын албатай хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн үргэлжлэл болохыг онцоллоо. Түүнчлэн уг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, 2021 онд Банкны тухай хуульд оруулсан шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, өмчлөлийн төвлөрлийг бууруулах, ил тод байдал, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн болохыг тэмдэглэв. Үүний үр дүнд арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтэрч, олон нийтээс хөрөнгө татах боломж бүрдсэн байна.

Тэрбээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж харьцангуй бага байгаа нөхцөлд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд 20 хувьд хүргэхийн тулд ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж байгаа ч зах зээл богино хугацаанд ийм хэмжээний нийлүүлэлтийг шингээх боломж хязгаарлагдмал байгааг дурдав. Иймээс банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулсан эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд банкны салбарт урт хугацааны, тогтвортой гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын банкууд Монгол Улсад салбар болон охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тодорхой болгох, банкны хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг эрсдэл болон зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар өөрчлөх, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стратегийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Хуулийн төсөл нь зөвхөн банкны салбарын зохицуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн өрсөлдөх чадвар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж банкны салбарынхан үзэж байна.

Эдгээр өөрчлөлт орсноор банкны салбарын өрсөлдөх чадвар, засаглал, хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт банк, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, судлаачид, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна