Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эмзэг орны тоонд хамаардаг бөгөөд хүлэмжийн хийн ялгарал сүүлийн 30 жилийн хугацаанд 82.1 хувиар нэмэгджээ.
2020 оны байдлаар нийт ялгарлын 51.97 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.78 хувийг эрчим хүчний салбар эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засаг мал аж ахуй болон нүүрсэнд суурилсан эрчим хүчнээс өндөр хамааралтай хэвээр байгаатай холбоотой юм.
Үүний улмаас ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол зэрэг эрсдэл нэмэгдэж, нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулахаас гадна хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох бодлогыг эрх зүйн тогтолцоонд тусгах шаардлагын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Учралын хамт 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Хуулийн төслийг СОР17 хурлаас урьтаж өргөн барьж байгаа нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт болон байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл юм.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан зорилт, амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нүүрстөрөгчийн зах зээл болон ногоон санхүүжилтийг үр ашигтай ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар уур амьсгалын засаглалыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь энэхүү анхдагч хуулийн төслийг 2020 оноос хойш төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран үе шаттайгаар боловсруулжээ.
Тус хуулийн төслийг баталснаар дараах чухал үр дүн бий болохоор байна. Үүнд:
• Хүлэмжийн хийн тооллого, тайлагнал, хяналт-шинжилгээний нэгдсэн тогтолцоо бүрдэж, бодит өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжих боломж нэмэгдэнэ.
• Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, салбар дундын зохицуулалт сайжирна.
• Ногоон санхүүжилт, олон улсын уур амьсгалын сан болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломж өргөжинө.
• Нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн суурь бүрдэж, карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэнэ.
• Уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг бууруулж, ногоон өсөлт, шинэ ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээр, ногоон шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны олон улсын манлайллыг чухалчлан ажиллаж буй энэ цаг үед Уур амьсгалын өөрчлөлтийн хууль батлагдсанаар олон улс, хувийн хэвшлийн эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах институцийн болон эрх зүйн орчин тодорхой болж, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж бодитоор нэмэгдэх юм.
Хуулийн төслийг олон нийтийн саналыг авахаар 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр D-Parliament цахим платформд байршуулсан бөгөөд нийт 97 санал, зөвлөмж хүлээн авснаас 65-ыг нь төсөлд тусгасан байна.
Түүнчлэн хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт тусгаагүй бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тогтвортой хөгжил, амьдрах орчны чанарыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хүний эрхийг хамгаалах зорилтыг баримталжээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг дэмжих, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах замаар өнөөгийн болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн суурийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна