Он гарснаас хойш нийслэлд гал түймрийн 897 дуудлага бүртгэгджээ

Moderator
52 минутын өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун  “Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш  897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн.  Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 223, Сонгинохайрхан дүүрэгт 210, Хан-Уул дүүрэгт  109, Сүхбаатар дүүрэгт 102, Чингэлтэй дүүрэгт 96, Баянгол дүүрэгт 94, Налайх дүүрэгт 32, Багануур дүүрэгт 24  гал  түймрийн дуудлага бүртгэгдсэн.

Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа. Мөн  цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 9 хүн амь насаа алдсан байна.

Түүнчлэн он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч иргэдийн хариуцлагагүй байдал өндөр хэвээр байна” гэлээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Богдхан уулын дугуй цагаан орчимд иргэд ил гал гаргасан тохиолдол бүртгэгджээ. Мөн шар өвсний түймэр эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, тавдугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гарсан шар өвсний түймрийн улмаас таван айлын гэр, хашаа шатжээ. Иймээс иргэд хуурайшилтын гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна