Жудагийн жудаггүй хүүхдүүдэд Монголын төр ямар өртэй вэ?

Moderator
2 цаг 15 минутын өмнө

2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр. Шөнийн 02:00 цагт Улсын мөрдөн байцаах газрын тусгай тасаг гүйцэтгэх ажил явуулж, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаярыг баривчилсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа.

Өөрөөр хэлбэл, Монголын санхүүгийн түүхэн дэх хамгийн том залилангийн нэг гэж хэож болохуйц хэргийн мөрөөр хуулийнхан орсон нь энэ байв. Төрийн хяналт сул, иргэдийн санхүүгийн мэдлэг нимгэн байдалд дөрөөлж мөнгө угаасан бодит бас сургамжтай жишээ ч гэж нэрийдэж болно.

Ж.Мэндбаяр ч нийгмийн сэтгэлзүй дээр чадварлаг тоглолт хийсэн, зах зээлийн бодит хүүгээс хэдэн дахин өндөр ашиг амалснаар Монголын санхүүгийн системд “мөнгө хүүлэгч”-ийн дүрээр эзэн суусан юм. Эдийн засгийн утгаараа ямар ч үйлдвэрлэл, баялаг бүтээх бус зөвхөн шинээр элсүүлсэн хүмүүсийн мөнгөөр өмнөх гишүүдийнхээ хүүг төлж, дундаас нь хэд дахин нугарсан ашиг унагаадаг “Понзи” схемийг хөрс ингэж Монголд нутагшсан түүхтэй. Яг л кинон дээр гардаг шиг.

Үүний уршгаар 1200 гаруй айл, орон Ж.Мэндбаярын мэхэнд унаж, орон байр, хашаа байшингаа зараад зогсохгүй нэг насаар хадгалж, хураасан хөрөнгөө тушаагаад хоосон хоцорч байлаа. Олон ч айлын амьдрал орвонгоороо эргэсэн, олон ч гэр бүл салсан, олон ч хүүхэд өнчирсөн, олон ч хүн бие болоод сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирсон.

Чин үнэнийг хэлэхэд өөрт байгаа мөнгөө өрөөлд өгч хадгалуулаад хэд дахин өсгөх замаар буцаан авч, баяжина гэдэг ойлголт банкны системийн түүхэнд байтугай энэ дэлхийд байхгүй. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг. Гэхдээ л Ж.Мэндбаяр чадсан, чадах чадахдаа “Глоб кредит” нэрийн дор хэд хэдэн объект хотын төвөөр сүндэрлүүлж чадсан сүйхэйтээ нэгэн. Ойрын жишээ нь одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн барилга. Өөрөө болохоор миний хувийн өмч гэж мэлздэг ч яг үнэндээ олон мянган иргэний итгэл дээр залилан хийж босгосон л барилгууд. Бусдын зовлон дөрөөлсөн, хатуухан хэлэхэд цусны үнээр босгосон хөрөнгүүд. Тэтгэврийн хэдэн төгрөгөө тушаасан ахмад настан, хашаа байшингаа зарж, ядарсан иргэдийн цус, нулимс шингэсэн мөнгөөр бүтээсэн “баялаг” нь. Хууль зүйн болон ёс суртахууны хувьд байж боломгүй доромжлол. Хэрвээ төр хөрөнгийг нь тэр даруйд битүүмжилж, хураагүй бол өнөөдөр нэг ч иргэнд нэг цент очихгүй байсныг үгүйсгэхгүй.

Ж.Мэндбаяр өөрөө хэлдэг л юм. 10 жил нарсанд сууж гарч ирснийхээ дараа гэх үү дээ. “Би бол улс төрийн золиос” гэж. Өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруутгах нь ардчиллын буянаар бүгдэд олгосон нээлттэй эрх байж болох ч үүсгэн байгуулсан хоршоо дампуурч, олон мянган иргэн эд хөрөнгө, бие сэтгэлээр хохирсон нь хөдлөшгүй үнэн, бодит факт.

Хачирхалтай нь, хохирогчид өнөөг хүртэл мөнгөө бүрэн авч чадаагүй, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн атал Ж.Мэндбаяр өөрийгөө улс төрийн “хэлмэгдэгч”-ээр зарлан тодруулж, төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилсэн нь саяхан. Иргэдийн хохирлыг барагдуулахын оронд өөрийн гэх хөрөнгөө хамгаалахаа урьтал болгохоор улайрч буй ямар хэмжээний ёс зүй, жудагтай хүн бэ? Гэдгийг илтгэнэ. Уг нь түүний аав Жудаг нийгэмдээ ч, улс төрийн хүрээнд ч “Шударга” тодотголоороо танигдсан нэгэн байв. Гэхдээ хүн бүрд эцэг, эхийнх нь зан характерийг өвлүүлж болдоггүйгээс хойш яалтай.

Гагцхүү Ж.Мэндбаяр болон "Глоб кредит"-ийн хэрэг бол зүгээр нэг бизнесийн төлөөлллийн эрсдэл, дампуурал бус харин Монголын нийгмийн эмзэг давхаргын итгэл үнэмшлийг “мөлжсөн” системийн шинжтэй санхүүгийн “аллага” байсныг санах хэсэг өнөөдөр хэд байгаа бол?! Гэхдээ энд нэг асуулт гарна.

Хуулийнханд “шүүрүүлсэн”, шүүхээс ял сонссон, хугацаагаа дуусгаад наранд гарсан гээд бүхий л цаг үед бүлх залгисан мэт дуугүй явсан Ж.Мэндбаяр өнөөдөр яагаад гэнэт дуу орох болов. Бүр Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцохдоо төрсөн эцгийнхээ овгийг солиод иргэн “Б.Мэндбаяр” гэсэн пайз зүүгээд байр сууриа илэрхийлж явах нь олшров. Гэхдээ энэ асуудлыг гол биш.

Харин төдийгөөс өдий хүртэл хэлээ тасдуулсан мэт дуугүй явсан “Чилүгэн” гэнэт дуу орж, төрөөс хохирол нэхэмжлэх болсон нь төрсөн дүү Ж.Баярмаа нь УИХ-ын гишүүн болсонтой шууд холбоо хамааралтай гэж харахаас, хардахаас өөр аргагүй юм. УИХ-ын чуулганы индрээс хамгийн шүүмжлэлтэй, хамгийн шударга ярьдаг гэх тодотголтой дүү Ж.Баярмаагаар дамжуулж Хадгаламж зээлийн хоршоодын хэргийг дахин сөхөх, өөрт ашигтайгаар эргүүлэх, улс төрийн “хөшүүрэг” болгох сэдэл Мэндбаяраас гарахгүй юм бол өөр хэнээс гарах вэ дээ? Наанаа шударга дүртэй ч цаагуураа нөхрөөрөө дамжуулж, Дархан цаазат Богдхан уулын орчимд аялал жуулчлалын бааз байгуулах нэрээр газар эзэмшиж, цементен ширэнгэ цэцэглүүлдэг бизнес энэ гэр бүлд хамаардаг.

Лав л “Хатан ээжийн өргөө”, “Ганга-Илд”, “ДЦС Капитал”, “Шинэ зууны энерги”, “ММС трэйд” зэрэг компанид хувь эзэмшиж явсан Ж.Баярмаа УИХ-ын болсноосоо хойш нэг ч хувьцаа эзэмшдэггүй хэмээн “хасалт” хийлгэсэн байна лээ. Бодвол шударга дүрд нь хэт халтай тусч мэдэхээр байсныг үгүйсгэхгүй.

Тэгэхээр дүү нь УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн өөрийнх нь дуу чангарсан эхэлсэн нь тохиолдол биш. Хувийн ял зэмээ цайруулах ах, дүү хоёрын хоршил, шат дамжлага нь хууль тогтоох дээд байгууллага болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Луйвар хийж шоронд орсон хүнд төр нөхөн төлбөр өгөх нь байтугай, түүний учруулсан нийгмийн хор хохирлыг тооцвол насан туршдаа өртэй үлдэх ёстой хүн нь Мэндбаяр өөрөө. Ингэхэд, ЖУДАГИЙН ЖУДАГГҮЙ ХҮҮХДҮҮДЭД МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ВЭ?

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэх үг байдаг ч 300, 3000 удаа худалдах нь Мэндбаяр нарын хувьд байж болох, байдаг л зүйл бололтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна