Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Moderator
3 цаг 3 минутын өмнө

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 03 дугаар сарын 30-наас 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хүрээлэн бaйгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг тоймлон хүргэж байна.

Дорнод аймгийн аймгийн прокурорын газраас:

- Н.Г, В.О нарын 7 хүн бүлэглэж, тус аймгийн Халхгол сумын нутагт 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Жиргэрүү” төрлийн “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын 65,8 кг нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 7,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Г, В.О нарын 7 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 3,7 сая төгрөгийг улсын орлого болгох, ургамлын экологид учирсан нөхөн төлбөрт 37,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Архангай аймгийн прокурорын газраас:

- Б.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ойгоос зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 6 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,

- Ж.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ойгоос 2 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэргүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,

- Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлосон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүнд машин механизмыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас ан амьтан, ой мод, ургамал устах, газрын хөрс, хэвлий, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулдаг гэдгийг ухамсарлаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна