Б.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна

Moderator
2 цаг 57 минутын өмнө

Геодези, усны барилга байгууламжийн газар хаврын шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа, тошин үүссэн болон эрсдэлтэй байршлуудад тогтмол арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжийн зохион байгуулалтаар, 100 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй үүрэг гүйцэтгэж буй. Айл өрхийн гэр, хашаа байшин усанд автах, авто болон явган зам, талбайд ус халих эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай ажиллаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жил халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байна. Өнгөрсөн жилээс харьцангуй дулаан өвөл болсон тул булаг шанд, гол дагасан байршлуудад халиа тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгдсэн. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлөх, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа. Одоогоор Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд, мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байршлуудад багтаж байна.

Мөн өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Үүнээс шалтгаалан шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих, мөн гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд рүү орох эрсдэл үүсэж байна. Бидний зүгээс голын болон шар усны үер зэрэг давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.

Халиа тошин, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй буюу голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна