Тэр бол АН гэлтгүй Монголын “ТРАУМА”

Moderator
2 цаг 58 минутын өмнө

Нэгэн цагт монголчууд Халтмаагийн Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй байлаа. Ээлж дарааллан Төрийн сайдын сэнтийд сууж явахдаа төмөр замыг төвөггүйхэн гацааж явсан тэрбээр “Монгол ялна” уриан дор сонгогчдын тархин дээр таанц эргээд тав дахь Ерөнхийлөгчийн тамга атгасан нь 2017 он. УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан басчхүү АН-ын дарга асан З.Энхболд, Н.Алтанхуяг тэргүүтнээр багаа бүрдүүлсэн тэрбээр удсан ч үгүй төдийгөөс өдий хүртэл шүүмжилж ирсэн Ц.Элбэгдоржийнхоо “Хонгилын эзэн” болж түлхүүр атгатлаа томорч байв. 

Ямар сайндаа УИХ-ын 76 суудлаас 62-ыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан хүртэл түүнээс цэрвэж бас ширвэдэг байлаа шүү дээ. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар хүртэл “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү” хэмээн чуулганы танхимд халаглан хэлж байх вэ дээ, лав Хуулийн сайдын хувиар юмдаг!  

Гэвч мэхт мэхэндээ гэгчийн үлгэрээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бүрэн эрх нь дөрвөн жилээр хязгаарлагдсан хамгийн сүүлчийн Ерөнхийлөгч болсноо Х.Баттулга тун хожуу ухаарсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн. Үүндээ одоо ч тунирхал гэхээсээ өсөрхөл тээж явдаг байх. Үүнийг нь З.Энхболд Тамгын газрынх нь даргаар ажиллаж байхдаа хийсэн гэдэг л юм. Өөрөө үгүйсгэдэг ч олны үг оргүй биш ортой. Гэхдээ энэ асуудлын гол биш. 2021 оны зургаадугаар сард бүрэн эрх нь дуусгавар болсон Х.Баттулга намдаа “come back” хийгээд зогсохгүй дарга нь болох гэж үзээд бараагүй. Эцэст нь Л.Гантөмөрт намынхаа гэрчилгээг шилжүүлээд шанд нь 2024 оны УИХ-ын сонгуульд Хойд бүсэд нэр дэвшсэнээр өдгөө УИХ-ын гишүүн гэсэн халдашгүй дархан эрхийн ард 2028 оныг хүртэл суухаар болов. Хууль дуудсан ч очихгүй байх халдашгүй эрхээ ийм замаар олж авсан гэсэн үг. 

Тангараг өргөсөн өдрөөсөө л чуулганы хуралдаанд суух нь битгий хэл Төрийн ордноор ч харагдаж, үзэгдэхгүй явж ирсэн түүний хувьд хөшигний ард арай өөр дүртэй. Бараг бүгдийн дарга шиг даналзаж, бусдыгаа даапаалж суудаг нь энэ өдрүүдэд илүү тодорхой болж байна. Жишээ нь, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын дарга болсон өдрөөс нь холгож, боргосон О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг хаврын чуулган нээхтэй зэрэгцэн мөн л ээлжит улс төрөө хийж орхилоо. УИХ-ын даргыг Төрийн хоёрдугаар хүний албаа өгөөд намынхаа үндсэн ажлаа хийхийг шаардав, урьдны, өнөөх л танил технологи. Улс төрд “Хоёр Энх” гэгддэг З.Энхболд, М.Энхболд хоёр ч цагтаа УИХ-ын даргын албыг намын даргын тамгатай хоршуулаад атгаж явсан түүх саяхныг. Үүнийг О.Цогтгэрэл мэдэхгүй байна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Харин О.Цогтгэрэл эрийн сайндаа, гэнэт өглөө сэрээд ийм улс төр хийгээд гишүүдээ удирдан чиглүүлээд байгаа юу гэвэл үгүй. 

Эсрэгээрээ түүний жинхэнэ эзэн Женко Х.Баттулга гэдэг хүн тайзны араас удирдаач хийгээд байгаа хэрэг. Энэхүү улс төрийн урьдаас бэлдсэн сценарийг угтаж МАН-ын зарим гишүүн ч хөсрийг нь сайн бэлдэж өгсөн түрүүчээсээ тодорхой уншигдаж эхэллээ. Эхлээд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ телевизийн хойморт заларсан бол араас нь УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа ч ил гарав. 

Угтаа бол аль өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сараас хойш харагдаж, үзэгдээгүй оргож, буссаар өнөөдрийг хүрсэн хүмүүс. Энэ хооронд хотын дарга Х.Нямбаатар ч сайд Э.Бат-Амгаланг дуэльд дуудаж бэсрэгхэн наадам дэглэв. Өнөөдөр ч тэр нь үргэлжилж байна. Гэхдээ энэ нь үнэхээр эдгээр улстөрчид хор шарандаа, хоорондоо хийж эхэлсэн улс төрийн зөрчил, тэмцэл мөн үү гэвэл мэдээж биш. Тохиолдлын хэрэг ч биш. Харин Х.Баттулга АН-д эргэн ноёрхлоо тогтоосны илрэл, түүний малгайн дор нь МАН-ын зарим гишүүн дотооддоо зөрчилтэй байгаа мэт харагдаж гэхээсээ харагдуулж байгаа хэлбэр. Улс төрд үүнийг хар муур гүйлгэх гэдэг л юм.

Угаас Х.Баттулгын хамгийн сайн чаддаг юм нь энэ. Өөрөө ил гарахгүй ч өрөөл бусдаар нүдүүлж, гүтгүүлж, шантаажлаж байж сая санасандаа хүрч ирсэн нь түүний сайд байхаасаа хийж ирсэн танил технологи нь. Уг нь УИХ 42 суудалтай хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлж байгаагийн хувьд Засгийн газар, олонхынхоо санаачилж, өргөн мэдүүлсэн төсөл бүрд санал дүгнэлт, шүүмжлэлээ өгч “шахсан бяслаг” шиг болтол нь шүүж, батлуулах нь АН-д ард түмнээс ногдуулсан үүрэг нь. Тэгэх ч ёстой. Тэгж ч тангараг өргөсөн УИХ-ын гишүүд. Гэвч Ерөнхийлөгч байх үеэс нь ноёны сунгасан саварт орсон АН-ыг энэ удаад ч Бүлгийн бөгөөд намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүд нь зүгээр тавиад туучихаж байгаа бололтой. 

Энэ нь даамжирсаар Ар Монголын алдарт хагалан бутаргагч, талцан хэрэлдүүдэгч Женко Х.Баттулга гэгч энэ хүн ч барьцаа ахиулах замаар сөрөг хүчнийг багалзуурдаад зогсохгүй Монголын парламентыг бүхэлд нь дархлаагүй болгох нь. Үндсэндээ тэр бүхэл бүтэн улсын “ТРАУМА” болж түүхэнд нэрээ сийлэхэд гайхах зүйл алга. Эцсийн дүндээ энэ байдлаас хэн гаргах вэ гэдэг нь асуултын тэмдэг байж болох ч бодит үнэн гэвэл ардчиллын суурийг анхнаас нь тавилцсан үнэт зүйл, Үндсэн дүрмээ ч түүгээр явуулж, баталдаг гэж сайрхдаг АН-ынхан өөрсдөө л гаргана. Бусдаар АН-д нэгэнт бэтгэрсэн “ТРАУМА” нь МАН-д хүртэл халдвал Монгол Улсад лав сайны дохио биш ээ!

С.Очирсүх

Эх сурвалж: uzeg.info


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна