Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна

Moderator
1 цаг 56 минутын өмнө

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажиллаж байна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд банк болон бүртгэлийн байгууллагаар олон удаа биечлэн очих шаардлага буурч, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд улсын хэмжээнд нийт 1,206,015 улсын бүртгэл хийгджээ. Иргэн бүр дор хаяж гурван удаа биечлэн очсон гэж тооцвол давхардсан тоогоор ойролцоогоор тав орчим сая удаагийн зорчих хөдөлгөөн бий болсон байна.

Мөн иргэн, хуулийн этгээд барьцаалбарыг бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотойгоор улсын бүртгэлийн нэгжид жилдээ 265,033 удаа хандсан байна. Хамгийн багадаа гурван удаа биечлэн ирсэн гэж үзвэл нийт 795,099 удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгджээ. Тухайлбал, иргэн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж бүртгүүлэхийн тулд банканд гурван удаа, нотариатад нэг удаа, бүртгэлийн байгууллагад хоёр удаа буюу нийт зургаан удаагийн үйлдэл хийдэг байна. Харин барьцаалбарыг чөлөөлүүлэхдээ банк болон бүртгэлийн байгууллагын хооронд дор хаяж хоёр удаа очих шаардлагатай байдаг.

Иймээс барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээд олон шат дамжлагатай, давтан очих шаардлагагүй болж, цахимаар хүсэлт гарган үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна