3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй

Moderator
1 цаг 37 минутын өмнө

Гурван настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй. Хэргийн талаар тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө иргэн Д нь согтуурсан үедээ бага насны хохирогч С-г цохиж зодон амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ. Эл хэрэгт Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг хоёрдугаар сарын 13-ны өдөр явуулахаар тогтоож товыг шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эх О-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч бичгээр хүсэлт гаргасан, эсхүл улсын яллагч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд О нь шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй, харин улсын яллагч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан.

Шүүх хүүхдийн эх О-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир улсын яллагч түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ улсын яллагч татгалзсан тул хүүхдийн эх О буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна