Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг дэмжихгүй

Moderator
15 цаг 12 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргалаа.

Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, уг зохицуулалт нь парламентын засаглалын дархлаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн онцолсон байна.

Мөн парламентын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах нь ардчилсан тогтолцооны чухал баталгаа болохыг дурджээ. 

Мэдэгдэлд: "Үндэсний дархлаа, үндэсний язгуур эрх ашгийн баталгаа нь нэг хүний эрх мэдэл бус, харин ард түмний сонголтоор бүрдсэн ардчилсан парламент бөгөөд парламентын засаглал нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм.

Энэ бодлогыг удирдлага болгон 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлыг 126 гишүүнтэй болгон өргөтгөж, парламентын засаглалын дархлааг илүү бэхжүүлсэн.

Гэвч 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба Парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн жинхэнэ “ЭЗЭН” нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өнөөдөр хэвээр байна.

Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хэлжсэн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулах, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох “ХААН” чөтгөрийн атга санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.

Энэхүү зөрчил тэмцлийн хүрээнд Монголын ард түмний бүрдүүлсэн парламентын эд, эс болсон Улсын Их Хурлын гишүүдийн санал, шийдвэрт чөлөөтэй оролцох дархлааг сулруулах оролдлогууд гарч ирсэн. Захиалгат хэвлэл мэдээллээр гишүүдийн нэр хүндийг унагах, бүр цаашлаад зохиомлоор эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрүүд гарч байсан. Монголын улс төрд эрх мэдлийн төлөөх тэмцэл ил тод бодлогын мэтгэлцээнээс илүү далд атга санаа, бэртэгчний зан үйлдлээр хөгжиж ирснийг үүний гэрчилнэ.

“Ноёнтой төрсөлдвөл толгойгүй…”-н адилээр миний хувьд ч заримдаа үнэн байж эрх мэдэлтэй зөрчилдснийхөө хариуг биеэр амссан хүний нэг. Өнөөдөр ч миний туулсан тэрхүү зам мөрийн жишээ дээр эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй зөрчил, тэмцэлд орсон парламентын гишүүд зогсож байгааг хараад дуугүй өнгөрөх арга алга.

Мэдээж парламентын 126 гишүүнийг өндөг шиг өөгүй гэж би хэлэхгүй. Асуудал бий. Нэр бүхий гишүүдийн гаргасан үг, үйлдэлд олон нийтийн зэвүүцэл ч төрдөг. Гэхдээ миний хувьд хамгийн ихээр зэвүүцэл төрүүлж байгаа зүйл бол асуудал дагуулсан гишүүд эрх мэдэлт хүчний өмнө сөхөрч дуугүйдсанаар ивээгдэж, дуулгавартай боол нь болж, харин зарчмын төлөө сөрөн зогссон нь гэсгээлдэж, “хонгилдуулагдаж”, улмаар аль ч байдлаар барьцаалагдсан парламент бий болж байгаад оршино.

Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.

“Ёс зүйн алдаа” гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох боломж нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.

XVII зуунд Английн хаан парламентын хоёр гишүүний үзэл бодлоо илэрхийлсний төлөө цаазалсан түүх бий. Тэр явдал парламентын гишүүдийг айдасгүйгээр үгээ хэлэх эрхийг хуулиар хамгаалах шаардлагыг бий болгосноор “Bill of Rights”-аар парламентын гишүүдийн үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг парламентын засаглалтай улс орнуудад хуулийн хүрээнд баталгаажуулж ирсэн. Ард түмний итгэл, сонголтын илэрхийлэл парламентын гишүүний чөлөөтэй үг хэлэх эрх гэдэг бол манай нийгмийн болоод ардчилсан парламентын дархлааны амин сүнс юм.

Мөн Таны санаачилга бүхий хуулийн төсөлд, “Ёс зүйн алдаа” гэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эцсийн шийдвэрээр шийдвэрлэх зохицуулалт тусгасан нь асар их эргэлзээ, хардалт, уур бухимдал төрүүлж байна.

“Нохой зассан эзэндээ яндаг” гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль дээдлэх зарчмыг үнэн байхаас илүүтэй өөрсдийг нь томилсон улс төрийн эзэддээ үнэн зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг өөрийн биеэр гэрчилсэн.

Хэрэв энэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бол миний бие “нохой…” гэх ардын үг эш татаж хэлснийгээс Үндсэн хуулийн цэц “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нохойтой адилтган гутан доромжиллоо. Энэ бол ёс зүйн алдаа” хэмээн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй.

Парламент сулрах бүрд ардчилал хумигддагийг, харин нэг хүний эрх мэдэл тэлэх бүрд ард түмний эрх мэдэл хумигддагийг бид өнгөрсөн 30 жилийн улс төрийн үйл явдлуудаас хангалттай харсан. Дэлхийн улс төрийн түүхэнд парламент сулрах бүрд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, улмаар дарангуйллын тогтолцоо тогтсон сургамжит жишээ олон бий.

Хамгийн чухал нь хүчирхэг хоёр гүрний дунд оршдог манай Улс сул дорой парламенттай байж хэрхэвч болохгүй. Гадаадын ил, далд нөлөө Монголын улс төрд их, бага хэмжээгээр байдаг нь нууц биш. Парламентын гишүүдийг улс төр, эдийн засгийн зорилгоор хялбархан эрхшээлдээ оруулах боломж бүхий эрх зүйн орчин бүрдэх нь Монголын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж мэднэ.

Харин Эрхэм Ерөнхийлөгч Та үнэхээр төрийн ёс зүй, хариуцлага, сахилга батыг сайжруулах, парламентын дархлааг улам бэхжүүлэх чин зорилготой бол дараах чиглэлд хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Үүнд:

• Намын төлөвшил ба боловсон хүчин: Ерөнхийлөгч Таны санаачлан батлуулсан “Улс төрийн намын тухай” хуулийн хэрэгжилтийг яаралтай хангах замаар улс төрийн намууд илүү бодлогын болж, үүнтэйгээ дагаад боловсон хүчний чанар, ёс зүй сайжирна.

• Сонгуулийн шүүлтүүр: УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдийн хяналтыг сайжруулж, нэр дэвшигчдийг сонгогдохоос нь өмнө сайтар шүүдэг тогтолцоо руу шилжих.

• Иргэдэд төлөөллөө өөрсдөө сонгох эрхийг нь үлдээх: Гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Цэцийн цөөн гишүүн бус, тухайн гишүүнийг сонгосон иргэд нь “Recall election” буюу эгүүлэн татах санал хураалтаар шийддэг болох.

• Институцийн хараат бус байдал: Шүүх, Прокурор, Аудит, АТГ-ыг улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн баталгааг бүрдүүлэх.

• Сонгодог парламент: Ерөнхийлөгчийг дотоод улс төрөөс ангид, гадаад харилцааны бодлого руу чиглэсэн, хязгаарлагдмал эрхтэйгээр парламентаас сонгодог тогтолцоо руу шилжих тус тус саналуудаа дэвшүүлж байна.

Эцэст нь хэлэхэд, миний илэрхийлсэн энэхүү байр суурь нь зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэх дан зорилготой бус юм. Харин хөгжил дэвшлийг хүссэн ард иргэдийнхээ итгэлийг хүлээн Улсын Их Хуралд сонгогдсон бүх гишүүдэд хандан нэгийг эргэцүүлж бодох, алдаа дутагдлаа засах, төрийн ажлыг илүү хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар авч явах учиртайг бүгд санах ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.207
    12 цагийн өмнө

    зАЙЛШГҮЙ хэрэгтэй хуулдь өмнө нь санаачилж бсан боловч дэмжигдээгүй

    Хариулах