Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлээд 1 сар өнгөрсөн ч бодит арга хэмжээ авсангүй

Moderator
2 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижир эрчим хүчний салбарт үүссэн асуудалтай холбогдуулан сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний Үндэсний хороог даргалж байсан Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Тэгвэл үүнээс хойш нэг сар өнгөрөхөд огт хариу ирээгүй талаар мэдэгдэж, тэрбээр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой.

Миний бие өөрийн албан бланк дээрээ 2026 оны 1 дүгээр сарын 22ны өдөр Монгол улсын шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн. Гол шалтгаан нь цахилгааны үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, тогны хязгаарлалтанд орсон хэвээр байгаа тухай, цахилгааны үнэ нэмсэнээс болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30% нэмэгдэж иргэд, хөдөлмөрчин олны нуруун дээр дарамт ирсэн тухай, засгийн газар нь өөрөө уриалж цахилгаанаар асуудлаа шийдвэл хөнгөлөлт өгнө гээд хошгируулаад бодлогоосоо буцсан тухай байсан. Үр дүнд нь хэдэн зуун мянган өрх, хэдэн сая иргэд, хэдэн зуун аж ахуйн нэгж хохирлоо.

Идэр есийн хүйтний үеэр цахилгаан эрчим хүчний тасалдал удаа дараа гарч, хот даяараа хөлдөхөд хүрэх эрсдэл үүсч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодит хүндрэл учирсан нь саяхан, цагаан сарын буузны өмнөхөн.

Энэ асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын хариуцлага тооцож, огцруулах саналыг албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатар-т хүргүүлээд нэг сар өнгөрлөө.

Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Харин хариуцлага тооцохын оронд “100 хоногт гарсан асуудлыг шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон.

100 хоногийн дараа зун болно, эрчим хүчний ачаалал буурна, асуудал намжсан мэт харагдана. Гэвч суурь шалтгаан нь шийдэгдэхгүй бол дараа жилийн идэр есийн хүйтэнд бид дахиад л эрчим хүчний хомстолд орж, хот даяараа хөлдөх эрсдэлтэй хэвээр үлдэнэ.

Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно.

Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна