Өнгөрсөн 2025 онд гэмт хэргийн шинжтэй 128,688 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан байна

Moderator
2 цаг 22 минутын өмнө

Прокурорын байгууллага 2025 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийт 128,688 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хянасан нь өмнөх оноос 1.8 хувиар өссөн байна.

Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл 49,744 буюу 38.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 14,135 буюу 11 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, 58,047 буюу 45.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 121,939 буюу 94.7 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 2 хувиар өсжээ.

 2025 ОНД – ХЯНАЛТ ТАВЬСАН ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН ХЭРГИЙН ТОО ӨСЖЭЭ

Прокурорын байгууллага 2025 онд хэрэг бүртгэлтийн 97,677 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 23,239 буюу 31.2 хувиар өссөн. Үүнээс 84.1 хувь нь хөнгөн, 15.9 хувь нь хүнд ангиллын хэрэг байна.

Хяналт тавьж ажилласан хэрэг бүртгэлтийн хэргээс 15.7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 40.1 хувийг хааж, нийт 55.9 хувь буюу 54,603 хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 15.3 хувиар өсжээ.

Прокурорын байгууллага 2025 онд мөрдөн байцаалтын 32,057 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оноос 12.3 хувиар өссөн. Үүнээс 82.9 хувь нь хөнгөн, 17 хувь нь хүнд ангиллын хэрэг байна.

Мөрдөн байцаалтын хэргээс 53.3 хувийг “Өмчлөх эрхийн эсрэг”, 25 хувийг “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, 13.5 хувийг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, 2.3 хувийг “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, 2 хувийг “Кибер аюулгүй байдлын эсрэг”, 1.5 хувийг “Авлигын гэмт хэрэг”, 1.4 хувийг “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна. Хяналт тавьж ажилласан мөрдөн байцаалтын 29,754 хэрэгт 24,478 хүн, 68 хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан иргэдийн 6.4 хувь буюу 1,562 нь өсвөр насны хүн байна.

Улсын хэмжээнд 2025 онд мөрдөн байцаалт явуулсан хэргээс 53.9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 8 хувиар, яллагдагчаар татагдсан хүн 10.1, хуулийн этгээд 89 хувиар тус тус өсжээ.

2025 ОНД – БУСДАД УЧИРСАН 34.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАХ ЯВЦАД НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

Гэмт хэргийн улмаас 2025 онд 857,9 тэрбум төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 34,5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн ажилласан.

Хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 141,3 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 17,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

 2025 ОНД – ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН

Прокурорын байгууллага баривчлах, цагдан хорих арга хэмжээг зайлшгүй шаардлагатай үед, эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхэд анхаарч ажилласнаар хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдол буурсан.

Тодруулбал, 2025 онд шүүхийн зөвшөөрлөөр 97, хойшлуулшгүйгээр 330 буюу нийт 427 сэжигтнийг баривчилсан байна. Үүнээс шүүхийн зөвшөөрөлтэй баривчилсан тохиолдлыг өмнөх онтой харьцуулахад 79.6 хувиар өссөн бол хойшлуулшгүйгээр баривчилсан нь 29.1 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд 2025 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 20,301 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 7.3 хувьд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 6.3 хувьд нь цагдан хорих, 86.4 хувьд хуульд заасан бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг өмнөх онтой харьцуулахад цагдан хорих 0.4 хувиар, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ 15 хувиар тус тус буурч, бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ 7.9 хувиар өсжээ.

Прокурор 2025 онд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн 208 шийдвэр, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах 27 саналыг хүлээн авахаас татгалзаж, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна