ШҮҮХ: Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэж прокурор үзээгүй, яллах дүгнэлтэд ч дурдаагүй

Moderator
2 цаг 41 минутын өмнө

Олон нийтийн газар танхайрч, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шүүгдэж байсан Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт болж шийдвэрээ гаргасан билээ. Тодруулбал, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.Саяннямбууд торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нийгэмд гараад буй мэдээлэлд шүүхийн байгууллагаас тайлбар гаргажээ. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заасан тул шүүхээс прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдуулан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Д.Саяннямбууд холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 9 хавтас нотлох баримт, 14 ширхэг сиди /CD/ зэргийг шинжлэн судалж, хуралдаанд оролцогчийн тайлбар мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд, хөдөлшгүй баримт болох тухайн үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэргийг шинжлэн судалсны эцэст зарим шүүгдэгч нарт холбогдох үйлдэл болох “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэх үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуульд “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг.

Харин хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хэргийн тухайд нэр бүхий шүүгдэгч нар хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй буюу “найз охин хоргоосон” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, энэхүү маргалдааны явцад бие биедээ халдаж, хэн хэндээ хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан нь үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын тухайн үйл явдалд оролцсон үүрэг оролцоо, өрнөлд нөлөөлсөн байдал зэргийг харгалзан зарим шүүгдэгч нарын “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэх үйлдлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар 1, 2 дох хэсэгт зааснаар шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн ял, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох, зорчих эрх хязгаарлах, хорих гэсэн ял шийтгэхээр тус тус хуульчилсан бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг дагуу тохирох ялыг оногдуулдаг.

Хэргийн тухайд шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, хохирогч Д.Саяннямбуу нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.Саяннямбууд торгох ял шийтгэж шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч нарыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан /хадгалсан, бэлтгэсэн, олж авсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, боловсруулсан/ гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзээгүй бөгөөд яллах дүгнэлтэд ч дурдаагүй, шүүхээр хэлэлцэгдээгүй асуудал болно гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна