"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь "Чингис хаан" үндэсний баялагийн санд 2025 оны ногдол ашиг болох 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ

Moderator
3 цаг 38 минутын өмнө

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт, санхүүгийн үзүүлэлтүүдээрээ 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрч, зорилтот түвшний голлох үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ. 

Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой “Чингис хаан” Үндэсний баялгийн санд тус компани 2024 болон 2025онд 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байсан бол 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр 36 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэмж тус санд төвлөрүүлсэн байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2025 оны гүйцэтгэлээс танилцуулбал:

- Ган бүтээгдэхүүн 33.0 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 33.6 мянган тонн, 

- Төмрийн хүдрийн баяжмал 1,693.3 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2,058.8 мянган тонныг тус тус давуулан үйлдвэрлэсэн байна.

Мөн 1,982,9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 2,429.1 мянган тонныг экспортолж, 551.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 593.1 тэрбум төгрөгийн бодит орлогоор давуулан биелүүлсэн нь компанийн 33 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Орлогоо нэмэгдүүлж, төсвийн хэмнэлт хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулсан үр дүнд компани төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас 72.1 тэрбум төгрөг буюу 2025 онд төлөвлөгөөг 168.3 хувиар давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 82.1 тэрбум төгрөгөөс 246.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн нь татварын дараах цэвэр ашиг болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ компанийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрчээ. 

Ингэснээр үндэсний хэмжээнд топ татвар төвлөрүүлэгч төрийн өмчит компаниудын нэг болж чадсан бөгөөд мэргэжлийн удирдлага, сахилга баттай төлөвлөлт, оновчтой менежментийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компани хэрхэн ил тод, хариуцлагатай, үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна