ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй

Moderator
12 цаг 4 минутын өмнө

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна.

Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны 100,000 хүн тутамд дунджаар 2,700 хүн хар тамхи хэрэглэдэг. Харин Монгол Улсын хувьд 30.000 далд хэрэглэгчтэй байж болзошгүй гэх статистик бий.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, худалдаатай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, мөрдөн шалгах ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Өнгөрсөн 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгдэж, хэрэгт холбогдсон 256 иргэнийг яллагдагчаар татан шалгасан.

Та бүхэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх, энэ төрлийн бодисын хор хөнөөл, хууль зүйн хариуцлагыг ухамсарлан ойлгох, хүүхдийнхээ бие, эрүүл мэндэд тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна