Ханын материал хот орон сууцжуулалт төслийн газар чөлөөлөлт 98 хувьтай байна

Moderator
15 цаг 15 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 229 дугаар тогтоолоор 2025-2028 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх хөтөлбөр зарлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1259 дугаар захирамжаар тус байгууллагыг дээрх 16 мега төслийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын нийт 20,6 га талбайг хамарч байгаагаас эхний ээлжийн Б2 хэсэгчилсэн 12,6 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн 1800 айлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс Констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл шалгарч 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн НОСКГХДТ/02 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамтран ажиллах гэрээ”-г байгуулаад байна. Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн №2025/00-389 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан ба барилгажилтын төлөвлөлтөд одоо байгаа 5 дугаар хорооны барилгыг нүүлгэн шилжүүлэх /буулгах/ зайлшгүй нөхцөл байдал үүссэн байгааг шийдүүлэхээр албан хүсэлийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртсөн 213 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил 98 хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. 

Барилгын ажлын зураг төсөл одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд эх загвар зураг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж дэмжигдээд байна. Мөн инженерийн шугам сүлжээ, гадна цахилгааны асуудлаар "УБЦТС" ТӨХК-тай зөвшилцөх ажлууд 2026 оноос эхлэн хийгдэж байна.

Шинээр баригдах хороолол нь орон сууц, соёл, үйлчилгээний төв байхаар зураг төсөлд тусгагджээ. Тухайлбал, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, спорт цогцолбор болон худалдаа үйлчилгээний төвүүд багтсан байна. Төлөвлөлтийн хувьд нийт талбайн 50 хувийг нийтийн эдэлбэр, ногоон байгууламж, авто зогсоолд зориулсан нь оршин суугчдын тав тухыг хангасан шийдэл болжээ. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 3000 айл өрх шинэ, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна